Чуулганы хуралдааныг завсарлуулав

2016 оны 4 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг гишүүдийн 74.5 хувийн саналаар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.3 хувиар дэмжин, тус тус баталлаа.

УИХ-аас дээрх хуулийг баталснаар эмнэлэг бие даан шийдвэрээ гаргаж, хөгжих бололцоо нь нээгдэж байна. Тухайлбал, сайд томилогдоход нэгдсэн эмнэлгийн дарга нараасаа эхлэн өөрчилж, бужигнуулдаг. Дээрх хуулийн хүрээнд сайд энэ асуудалд оролцох боломжгүй болж, хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөх удирдах зөвлөлөөс удирдлагыг санал болгон томилно.

Эмнэлгүүдийн төсөв хэмнэгдсэн байлаа гэхэд түүнийг нь Төрийн сангаас шууд татан төвлөрүүлдэг байсан бол дээрх хуулиар энэ зохицуулалт хязгаарлагдаж, эмнэлэг хүмүүсээ сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, мөн техник технологио шинэчлэх зэрэгт зарцуулж болох эрх үүсэж байна.

Мөн эмч, ажиллагсдынхаа цалинг нэмэх боломж нь дээрх хуулиар үүсэж байгаа юм.

Уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сүүлийн гурав дөрөв хоногт Монголын шорон эмч мэргэжилтнээр дүүрэх нь, алдаа гаргавал 80 хүртэл сая төгрөгөөр торгох болж байгаа нь бидний ажил хөдөлмөр эрхлээд авч байгаа цалинг хэд дахин нугалсан хариуцлага болж бууж байгаа тул энэ бүхнийг эргэж шаардлагатай байна. Салбарынхны дуу хоолойг сонсмоор байна. Засгийн газар яагаад өнөөдрийг болтол салбарын сайдынхаа асуудлыг шийдэхгүй байна вэ. Бүр болдоггүй юм бол хуучин сайдыг нь хийж байсан С.Ламбаагаа сайдаар томил л доо. Энэ салбарыг удирдаад явчих чадалтай мэргэжлийн хүмүүс олон байгаа” гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна