Олон улсын 40 шүүгч олимпийн эрх олгох тэмцээнийг шүүж байна

2016 оны 4 сарын 22

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн болж байна. Буянт-Ухаа спортын ордонд олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол барилдаанаар эхэллээ. Тэмцээнд оролцохоор 80 орны 600 гаруй тамирчид багийн хамт хүрэлцэн ирээд байна. Мөн Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Сербийн иргэн Ненад Лалович, ДБНХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн Узбекстаны Ахрол Ахмедович Рузиев, ДБНХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Германы иргэн Антонио Силвестри нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. 

Тэмцээнийг шүүхээр олон улсын шүүгч 40 шүүгч ажиллаж байна. Тэдний дунд олимпийн зэрэглэлийн шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нар багтсан юм.

ДНБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силверсти "Энэ тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж байна. Шүүгчдийн зүгээс өндөр шаардлага тавьж ажиллана. Барилдааны үед хоёр дасгалжуулагч дэвжээнд ойр байна. Одоогоор 40 шүүгч тэмцээнийг шүүж байгаа. Олон улсын нислэгийн улмаас зарим шүүгчид Монгол Улсад хараахан ирж чадаагүй. Гэхдээ тэд өнөөдөр хүрэлцэн ирнэ. Тиймээс тэмцээнийг шүүх шүүгчид нэмэгдэнэ" гэлээ.

Олимпийн эрх олгох тэмцээний  нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.30 цагаас эхлэх бөгөөд үргэлжлээд сонгомол барилдааны финалын тоглолтууд болно.

 Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” телевиз шууд дамжуулж үзүүлж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна