Пхеньяны “Мусудан” пуужин дэлбэрч, хүний амь эрсэджээ

2016 оны 4 сарын 22

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт дунд тусгалын “Мусудан” баллистик пуужин туршсан нь амжилтгүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл “Мусудан” пуужин дэлбэрснээс харвагч төхөөрөмжийг эвдэж, техникийн ажилчид амь эрсдэж, гэмтэж бэртсэн байна. Баллистик пуужин газраас 91 метрийн зайд дэлбэрсэн болохыг АНУ-ын батлан хамгаалахын албаныхан тодруулжээ. Пуужингийн дэлбэрэлтийн шалтгаан түлшний систем эсвэл турбо хөөргөгчийн доголдлоос болсон гэнэ. Хойд Солонгосыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг /IV.15/ тохиолдуулан Пхеньян зүүн эргийн Вонсаны ойролцоогоос Япон тэнгис рүү дундын зайн тусгалын пуужин хөөргөсөн юм.

“Мусудан” баллистик пуужингийн уг гарал нь ОХУ-ын "R-27" нэртэй дунд тусгалтай пуужин аж. Хойд Солонгосын “Мусудан” пуужин нь 1.3 тонн цөмийн цэнэгтэй хошуу зөөн 3000 км газар тусах хүчин чадалтай гэнэ. Хойд Солонгос нь цөмийн хошуутай баллистик пуужингаар АНУ-ын Цагаан ордон, БНСУ-ын Хөх ордонг газрын хөрснөөс арчихаар сүрдүүлсэн.

Өмнө нь Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай сансрын тойрог замд нэвтэрсэн болохыг Пхеньян мэдэгдсэн билээ. Гэвч НҮБ болон олон улс Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалын баллистик пуужин туршсан хэмээн хардаж, хориг арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: Yonhap

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна