ОХУ-ын парламентын дээд, доод танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 4 сарын 22

Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Сарангэрэл нар  Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /ACEM/-ын хүрээнд болж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцаа түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн харилцааны том тулгуур болж байгааг онцоллоо. Тэрээр цааш нь, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг өндөр үнэлээд  Монголоор дамжуулан  Ази, Европын орнуудын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг  хөгжүүлэх боломж байгаа талаар ярив. Үүнд Улаанбаатар хотно болж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт чухал ач холбогдолтойг тэрээр  цохон хэллээ.

ОХУ-ын парламентын төлөөлөгчид  Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохыг урьсан явдалд талархаж байна гэлээ.  Хоёр орны харилцааг бүхий л талаар түүний дотор эдийн засаг, худалдаа, санхүүгийн асуудлаар харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө байна. Үүний төлөө ОХУ-ын парламентын дээд, доод танхим эрмэлзэх болно. Мөн Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын харилцаа, бүлгүүдийн хамтын ажиллагааг  цаашид улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тэд илэрхийллээ.

Уулзалтын үеэр  ОХУ-ын парламентын төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-д болох парламентын сонгуулийн талаар мэдээлэл өгч, ийнхүү сонгуульд ажиглагчаар оролцох хүсэлтийг УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдоржид уламжиллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна