11.9 сая төл мал бойжиж байна

2016 оны 4 сарын 22

Өнөөдрийн байдлаар нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байгаа тухай Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.  Төлийн тоо өмнөх долоо хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна. Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх долоо хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс, тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149.220), Увс (147.994), Архангай (101.630),  Завхан (93.559), Баянхонгор (87.100)  аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байгаа ч малын зүй хорогдлоос бусад хохирол гарсан мэдээ одоогоор ОБЕГ болон яамны Шуурхай штабт ирээгүй байна.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна