Тоосжилттой орчинд 544 хүүхэд хүмүүжиж байна

2016 оны 4 сарын 22

Балчир үрсийн өглөө болгон очдог цэцэрлэгийнх нь хашаа барилгын хог, овоолсон шороогоор дүүрчээ. Энэ хогийг тойруулан нэвтрэхийг хориглосон анхааруулж, олс татсан байгаа ч хүсвэл хүүхэд байтугай том хүн ч доогуур шургаад орчих боломжтой харагдана. Энэ бол нийслэдийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн одоогийн өнгө төрх. Өнгөрсөн жил эхэлсэн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил дуусаагүй байгаа нь энэ. Тус цэцэрлэг энэ өвөл дээвэргүй өвөлжсөнийг бид сарын өмнө нь мэдээлсэн. Өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч “Алтанзурлага” компани Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар цэцэрлэгийн барилгыг өргөтгөж, нэг давхар нэмж барихаар өнгөрсөн намар дээврийг хуулчихсан юм. Нэгэнт дээд давхар нь дээвэргүй учраас энэ өвөл цэцэрлэг бүх хүүхдээ доод давхартаа бөөгнүүлж хичээллэхээс өөр аргагүй болсон. Уг нь хүүхдүүдийг авахгүй байх ёстой ч тэртэй тэргүй цэцэрлэг хүрэлцээгүй байхад хүүхдүүдийг нь авахгүй гэвэл 544 хүүхдийн ар гэрийн амьдрал доголдоно. Эх эцгийн хэн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ харна, эсвэл зардал чирэгдэл болж хол байгаа цэцэрлэгт хүргэж өгнө. Энэ байдлыг бодолцон цэцэрлэг хүүхдүүдээ энэ өвөл хүлээн авсан байна.

95 дугаар цэцэрлэгийн энэ байдлыг мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалтаа цэцэрлэгүүдээр хийж явахдаа олж мэдсэн байна. Ингээд 95 дугаар цэцэрлэгийн угаасан аяга, таваг, агаарыг лаборитарт шинжлэхэд аяга, тавагны 30 гаруй хувьд нян илэрчээ.  Барилга доторх орчны агаарын нянгийн тоо нь 4400 гэж тоологдсон байна. Нэг метр куб агаарт 3000 хүртэлх нян байвал хэвийн гэж үздэг. Мөн цэцэрлэгийн орчин ахуйн бохирдол ихтэй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гаргажээ. Гэсэн ч цэцэрлэгт хүмүүжиж байгаа 544 хүүхдийн ар гэрийн асуудлыг бодолцон эцэг эх, хүүхдүүдэд чирэгдэлгүйгээр шийдэж, өвлийн хүйтэнд түр зогссон барилгын ажлыг цэцэрлэг амрахаар эхлүүл гэсэн зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар салбар яамд нь хүргүүлжээ. Мөн цэцэрлэгийг тойруулан асгасан шороо, барилгын хогийг хүний хөлөөс зайлуулж, аюулгүй болгон цэвэрлэх хугацаатай албан даалгаврыг “Алтанзурлага” компани, 95 дугаар цэцэрлэгийн захиргаанд өгчээ.  

Барилгын гадна өргөтгөлийн ажил явагдаж, дотор нь хүүхдүүд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийнхний буруу гэж мэргэжлийн хяналтын байцаагчид тайлбарласан. Харин Боловсрол соёл, шинжлэх ухааны яам дээрх тайлбарыг үгүйсгэж, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хуулийн хүрээнд явагдаж, түр засварласан тухай ярилаа. 32 жилийн настай 95 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл ирэх зургадугаар сар гэхэд дуусах аж.

Барилгын захиалагч тал төлөвлөгөөт хугацаандаа өргөтгөлийн ажил нь дуусна гэж мэдэгдэж байгаа ч барилгын хогтой, тоосжилт ихтэй ийм орчинд газар хүүхэд хүмүүжих нь хүүхдийн эрүүл мэндэд муу гэж үзэж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна