Эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол 95-д жагсчээ

2016 оны 4 сарын 22

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд 14.00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралд Итали, Латин Америк, Бразил, Колумб, ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан, Япон, Энэтхэгт зэрэг Ази, Номхон далайн бүсийн 11 орны төлөөлөгч иржээ. Харин Монголын талаас Монгол Ардын намын Удирдах зөвлөл, Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, аймаг, нийслэлийн манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байгаа юм.

Энэ жилийн хурлыг “Азийн эмэгтэйчүүд ба Жендерийн тэгш байдал” сэдвийн хүрээнд өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. Улс орны жендерийн тэгш байдлыг Парламент дахь эмэгтэйчүүдийн хувиар авч үздэг. Тэгвэл Мянганы хөгжлийн Зорилтод парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт тавьсан. 30 хувьд хүрсэн улсын тоо 2015 онд 43 болжээ.

Харин энэ жагсаалтад Монгол Улс 95 дугаарт жагсч байна. Хэдийгээр Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэг үеэ бодвол өссөн хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй гэдгийг онцолж байлаа. Жишээ нь, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хийсэн судалгаагаар сүүлийн 15 жилд эмэгтэйчүүд дөрвөн жилд нэг удаа сонгууль өгөх байдлаар л улс төрийн үйл ажиллагаанд оролцдог гэх дүн гарчээ. Өөрөөр идэвх, санаачлага бага. Нам болоод сонгогчдын зүгээс ч тэр эмэгтэйчүүдийг дээш гаргах талд хангалтгүй байгааг онцолж байна. Тиймээс эрх барих хэмжээнд шийдвэр гаргах, төрийн үйл хэргийг зохих хэмжээнд гаргахад Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх шаардлагатай байгааг хэлэв.

Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн дөрвөн жилд Улсын их хурлын сонгуулийн дүнгээр 2012-2016 онд эмэгтэйчүүдийн оролцоо 3.9 хувиас нэмэгдэж 14.9 хувьд хүрчээ. УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосон нь үр дүн авчирна хэмээн эмэгтэй гишүүд онцолж байлаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “2012 оны сонгуулиар УИХ-д 11 эмэгтэй гишүүн байсан. Тухайн үед квот 20 байсан. Шинэ хуулиар 30-ын квоттой болгосноор эмэгтэй гишүүдийн тоог 23-д хүргэх боломж бүрдлээ” гэлээ.

Хурлын төлөөлөгчид “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”, “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг сэдвийг өнөөдөр хэлэлцэж байна.

Мөн энэ үеэр хурал зохион байгуулагч Монгол Улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох гэсэн нэн тэргүүний шаардлага байгааг ч онцлон тэмдэглэж байлаа.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна