Үлэг гүрвэлийн зулзагын олдворыг эх оронд нь авчирчээ

2016 оны 4 сарын 22

Монгол улсаас гаралтай 70 сая жилийн настай үлэмж биет, ургамал идэштэй, нугас хошуут үлэг гүрвэл Завролофын нялх зулзагын үлдвэр уугуул нутагтаа иржээ. Олдворыг Соёлын өвийн төвийн соёлын биет өвийг хамгаалах хэлтэсийн дарга Д.Нарантуяа, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, Үлэг гүрвэлийн төв музейн захирал Ч.Дариймаа нарын  мэргэжилтнүүд өнөөдөр хүлээн авлаа.

Монголын БСШУЯ, Бельгийн Вант Улсын Шинжлэх ухааны бодлогын газар болон тус улсын Вангийн Байгалийн шинжлэх Ухааны хүрээлэнгийн хооронд Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг эх оронд нь буцаахад талууд хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулсан байна. Уг хэлэлцээрийн хүрээнд тус олдворыг Монгол Улсад буцаан ирүүлсэн ажээ.

Олдвор нь Монгол орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд Бельгийн Вант Улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулсан байна.

Одоогоор тогтоосон энэ төрлийн үлэг гүрвэлийн бага залуугаас нас бие гүйцсэн хүртэлх хөгжлийн харуулсан олдвор олдож байсан ч яг энэ төрлийн нялх зулзагын олдвор олдсон мэдээ баримт хараахан байхгүй юм ажээ. Уг олдвор нь Үлэг гүрвэлийн төв музейд удахгүй дэглэгдэн нийтийн хүртээл болгох юм.

А.ЦЭЭСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна