Р.Гончигдорж Камбожийн Вант Улсын Сенатын гишүүн Чеа Чет тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2016 оны 4 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Камбожийн Вант Улсын Сенатын гишүүн Чеа Чет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд 2016 онд Улаанбаатарт хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудад камбожийн талаас өндөр түвшинд төлөөлөгч оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, Монгол, Камбожийн Вант Улсын найрсаг харилцааг цаашид бүх салбар чиглэлд сэргээн идэвхжүүлэхийн төлөө байгаа гээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, хамтран ажиллахад дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал чухал түлхэц болохыг тэмдэглэн, өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр боломжийг судлан хамтарч ажиллахыг санал болгосон юм.

Түүнчлэн Монгол, Камбож нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны боломжит нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар ч дурдсан.

Камбожийн Вант Улсын Сенатын гишүүн Чеа Чет Ази-Европын парламентын түншлэлийн уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд, хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж бий хэмээлээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нь хоёр орны ард түмэн бие биеэ таньж мэдэхэд чухал хувь нэмэртэйг тэмдэглээд энэ салбарын хамтын ажиллагааны эхлэлийг өргөжүүлж, идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мөн хэлсэн юм.

Тэрбээр, Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлж, бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-т гишүүнээр элсэх, Зүүн Азийн д‎ээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зэрэг зорилттой ажиллаж байгааг тэмдэглэж, Камбож Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ноён Чеа Чет Камбож улс энэ чиглэлээр дэмжин ажиллах болно хэмээлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Камбожийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна