Норвегийн Вант Улсын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 4 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Норвегийн Вант Улсын Парламентын гишүүн Өве Триллевик тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Норвегийн Вант Улсын парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Норвегийн Вант Улсын Парламентын төлөөлөгчид та бүхэн чухал бүрэлдэхүүн хэсэг болж буйг онцоллоо. Мөн Норвеги Улсын Стортинг /парламент/-ийн дарга ноён Олемик Томмессенг Монгол Улсад айлчлал хийх урилгатайг дурдав.

Хоёр орны улс төр, эдийн засаг, бизнесийн болон парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад Улсын Их Хурлын дэд дарга сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд ялангуяа парламент хоорондын нягт ажиллагаа бусад салбарын холбоо харилцааны үндэс суурь болохыг тэмдэглэв. Монгол Улсын Их Хурлаас Баялагийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлэхтэй холбогдуулан Норвегийн талтай хамтран сургалт, семинар зохион байгуулах хүсэлтэй байна гэлээ. Мөн Мьянмар, Афганистан, Киргиз зэрэг улсуудад олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар хоёр улс хамтран ажилладаг учраас хамтарсан төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Хойд туйлын зөвлөлд Монгол Улс ажиглагч гишүүнээр элсэхэд Норвегийн талаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2018 онд тэмдэглэх хүрээнд Эдвард Мюнхийн үзэсгэлэнг Монголд, үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Норвегид зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн юм.

Норвегийн Вант Улсын Парламентын гишүүн Өве Триллевик цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд анхаарал тавих болно. Буцаж очоод парламентдаа та бүхний тавьсан саналыг танилцуулж дэмжин ажиллана гэлээ. Хоёр орны дипломат харилцаан тогтоосны түүхт ойгоор гаргах үзэсгэлэн нь соёлын солилцоонд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлов.

Мөн энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Норвегийн парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц байгуулах, Монгол-Норвеги хоёр улсын цаатан ард түмний харилцаа холбоог сайжруулах талаар ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна