А.Рузиев: Монголын чөлөөт бөхийн амжилт олимпийн эрхийн тэмцээнээр харагдлаа

2016 оны 4 сарын 23

Монгол улсад анх удаа болж буй олимпийн эрхийн сонгон чөлөөт бөхийн “The first “Last-Chance” (Эхний сүүлчийн боломж) Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд оролцохоор сонгомол барилдаан, чөлөөт бөхийн төрлөөр 80 орны 600 гаруй тамирчид багийн хамт хүрэлцэн ирээд байна. 

Энэ үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиевтэй ярилцлаа. Узбекстан улсын иргэн түүний хувьд энэхүү тэмцээнд оролцож буй Ази тивийн орнуудыг хариуцан ажиллаж байна. 

-

-Монголд улсад анх удаа олимпийн эрхийн тэмцээн болж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны өмнө би Монголын ард түмэнд олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулах болсонд талархаж байна. Яагаад гэхээр энэхүү олимпийн эрхийн тэмцээнийг орон бүр зохион байгуулаад байдаггүй. Монгол улс өмнө нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон эмэгтэй багуудын Дэлхийн цомыг амжилттай зохион байгуулж байсан. Тиймээс Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооноос ихээхэн итгэл хүлээлгэж олимпийн эрхийн тэмцээн болж байна. Мөн Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид дэлхийд өндөр амжилтыг үзүүлж эхэлсэн. Олимпйин эрхийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Яагаад гэхээр дөрвөн жилд нэг удаа болдог ОЛИМПИЙН НААДМЫН эрх гэдэг бол тамирчин хүний туйлын зорилго байдаг. Тиймээс энэхүү эрхийн төлөө улс бүр хичээж байна. Тэмцээнд маш олон дэлхийн алдартай тамирчид ач холбогдол өгөн оролцож байгаагаас тэмцээний чансаа харагдана. 80 орчим орны тамирчдын өрсөлдөөн үнэхээр сонирхолтой болж байна.

Олимпйин эрхийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Яагаад гэхээр дөрвөн жилд нэг удаа болдог ОЛИМПИЙН НААДМЫН эрх гэдэг бол тамирчин хүний туйлын зорилго байдаг. Тиймээс энэхүү эрхийн төлөө улс бүр хичээж байна.

-Сонгомол барилдаан тэмцээний эхний өдөр явагдаж, олимпийн эрхийн эзэд тодорлоо. Тэмцээний явцын тухайд юу хэлэх вэ?

-Бид дэлхийн олон орны тамирчдын барилдааныг харж байна. Бүгд л олимпийн эрхийг авахын төлөө барилдлаа. Сонгомол барилдааны тухайд 51 орны 151 тамирчин олимпийн 18 эрхийн төлөө өрсөлдлөө. Эндээс харахад залуу тамирчид хүчтэй сайхан байна. Мөн олимп, дэлхийн медальтнууд арвин туршлага заан финалд үлдэн эрхээ авч байгааг харахад урамтай байна. Беларусын баг тамирчид хоёр алтан медаль авсан бол БНСУ, БНХАУ гээд азийн орны тамирчид олимпийн эрхийг авлаа. Мөн олимп, дэлхийн медальтнууд медальгүй хоцорч байгааг харахад өрсөлдөөн ямар болж байгааг харуулж байна. Би Монголын үзэгч та бүхэнд баярлаж байна. Яагаад гэхээр сонгомол барилдаанд Монголоос нэг ч тамирчин оролцоогүй. Гэхдээ Буянт-Ухаа спортын ордонд ирсэн үзэгч түмнийг хараад баярлаж байна. Үнэхээр бөхөд дуртай ард түмэн юмаа. Бас тэмцээнийг маш сайхан зохион байгуулж байгаад талархаж байна.

Олимп, дэлхийн медальтнууд медальгүй хоцорч байгааг харахад өрсөлдөөн ямар болж байгааг харуулж байна. Би Монголын үзэгч та бүхэнд баярлаж байна.

-Монгол улсад цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр бэлтгэлтэй байна гэж та үзэж байна вэ?

-Бразилын олимпийн наадмын өмнө эрхийн тэмцээнийг Монгол Улс зохион байгуулж байгаа нь бахархалтай санагдаж байна. Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооноос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа. Одооноос тэмцээнийг зохион байгуулах шаардлага өөр болж байна. Урьд нь ДНБХ-д 500 мянган швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь 2 сая 500 мянга болтлоо өссөн. Тэгэхээр холбооны зүгээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад шинэчлэл хийж байгаа. Өөрөөр хэлбэл ДАШТ-д медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналыг авах юм. Энэ удаагийн тэмцээнээс эхлээд Монгол Улс цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр боломжтой болсон байна вэ гэдгийг харна. Мөн бусад шаардлагууд нийцэж байгаа эсэхийг дүгнэх юм. Бразилын олимпийн наадмын дараа Франц улсад энэ оны ДАШТ болно. Тэр тэмцээнээс эхлээд энэ бүх шинэчлэлийг хийгээд явах юм.

Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооноос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа. Одооноос тэмцээнийг зохион байгуулах шаардлага өөр болж байна. Урьд нь ДНБХ-д 500 мянган швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь 2 сая 500 мянга болтлоо өссөн.

-Олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион байгуулж байна. Таны бодлоор Монголын чөлөөт бөхийн холбооны талаар юу хэлэх вэ?

-Мэдээж би та бүхэнд талархаж байгаагаа дээр хэлсэн. Монголын чөлөөт бөхийн холбоо нь чадварлаг үндэсний холбоодын нэг гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо үздэг. Өнөөдөр харахад тус холбоо дэлхийд маш нэр хүндтэй холбоо болсон байна. Би Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон Ерөнхий нарын бичгийн дарга О.Баянмөнх нарт өөрийн талархлыг илэрхийлмээр байна. Яагаад гэвэл Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа өргөжиж, шинэчлэгдэн дэлхийд танигдсан холбоо болсонд баяртай байна. Эцэст нь Монголын чөлөөт бөхийн баг тамирчид РИО-гийн олимпийн наадамд амжилттай оролцоосой гэж хүсэж байна.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна