Туркийн ЭСЯ олон улсын хүүхдийн баяр тэмдэглэлээ

2016 оны 4 сарын 23

Жил бүрийн хавар 4 сарын 23-нд Туркийн үндэсний бүрэн эрх, хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 1920 оны 4 сарын 23-нд Туркийн Үндэсний их хурал байгуулагдаж байсан бөгөөд Турк Улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан байдаг. Хожим хойно Туркийн Үндэсний Радио телевиз тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлсэн.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил гурав дахь удаагаа 4 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээний нэгээхэн хэсэг болгож Олон Улсын хүүхдийн баярыг “Даян дэлхийн энх тайван, нөхөрлөл” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэ жил Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургууль, нийслэлийн 61-р дунд сургууль, Американ сургууль, Бритиш сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарласан бөгөөд өнөөдөр тус ЭСЯ түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Мөн Хүүхдийн Урлан бүтээх төвд дээрх сургуулиудын сурагчдын “Миний нүдээр Турк орон” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болж сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Уламжлал ёсоор Элчин сайд Мурат Карагөз дээрх таван сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзан өөрийн албан үүргээ хэсэг хугацаанд хүлээлгэн өглөө. Мөн таван сургуулийн сурагчдын хамтаар элчин сайдын яамны цэцэрлэгт найрамдал нөхөрлөлийг бэлгэдэж мод тарилаа. Олон улсын хүүхдийн баярын ажиллагаа тус ЭСЯ-ны төлөөлөгчид 4 сарын 23-ны өдөр “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд зочилж гарын бэлгээ гардуулснаар өндөрлөх юм.

Л.Халиу

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна