Парисын хэлэлцээрт 175 орон нэгдэв

2016 оны 4 сарын 23

Дэлхийн 175 орны тэргүүн, төр засгийн удирдагчид баасан гаригт Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд ач охиныхоо хамт хүрэлцэн очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэлэлцээрийг эхний өдрөө баталж, ийм олон орны тэргүүн гарын үсэг зурсан энэ үйл явдлыг олон улсын дипломат харилцаанд шинэ рекорд тогтоолоо. Баасан гаригт хэлэлцээр хийдэггүй АНУ  хүртэл зурлаа” гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ үйл явдлыг “Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэглээний эрин дуусгавар болж байна” гэжээ.

Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ төлөвлөсөн 2020 оноос өмнө хэрэгжинэ гэж олон хүн найдаж байгаа юм.

Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг тус бүрдээ арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 15 орон, тэр дундаа жижиг арлын улсууд далайн усны түвшин эрс нэмэгдэх эрсдэлд ороод байгаа ажээ.

Хамгийн их карбон ялгаруулдаг Хятад л гэхэд ирэх есдүгээр сард Хятадад болох их хорийн дээд хэмжээний уулзалтаас өмнө карбоны ялгаруулалтыг тодорхой хэмжээнд хүртэл бууруулах үүрэг авчээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлыг зогсоож, цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд 100 тэрбум ам.доллар хангалтгүй, их наяд ам.доллар шаардлагатайг хэлж байв.

Гэсэн хэдий ч энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд карбон ялгаруулалтын 55 хувийг бүрдүүлж буй дэлхийн 55 орон нэгдэх шаардлагатай гэнэ.

Дэлхийн дулаарлын 45 хувийн хувь нэмэр оруулсан 25 орон баасан гаригт уг хэлэлцээрт нэгдэж, мөн нэгдэхээ илэрхийлсэн байна.
Парисын хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдсэн улс Франц, Канад байв. Мөн Мексик, Австрали энэ жилдээ багтан гэрээнд нэгдэхээ илэрхийлжээ.

Мөн НҮБ-ын хуралд тун ховор үзэгддэг Умард Солонгосын Гадаад харилцааны сайд хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн “Амьдрал бол тэмцэл. Бидэнд ялах хүч хангалттай бий” гэсэн мэдэгдлийг НҮБ-ын гишүүд алга ташин хүлээн авчээ. Харин Саудын Араб, Ирак, Нигери, Казакстан зэрэг орнууд хэлэлцээрт гарын үсэг зурах эсэхээ мэдэгдээгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурсан нь санамсаргүй тохиолдол биш, Эх дэлхийн өдөр учраас зориуд сонгосон байжээ.

Н.Энх

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна