Дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа

2016 оны 4 сарын 24

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан.

Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, гишүүдээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Хичээнгүй нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 04 сарын 22-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа. Мөн нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна