Нийслэлд дөтөлсөн баруун хязгаар

2016 оны 4 сарын 25

Сэтгүүлч:
Д.Цээпилмаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд баруун гурван аймагт ажиллаад ирлээ.


Аймгийн төвд анх удаа Боинг буулаа

Боинг-737 онгоц анх удаа аймгийн төвд (2016.04.16) газардаж, харин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн гурав дахь нислэгээр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэн Ховд хотод буулаа. Ховд хот эртнээс олон хөлийн газар байсан хэдий ч том оврын онгоц буусан нь анхных. 250 гаруй хүний суудалтай Боинг дүүрэх л байгаа даа гэсэн хартай бодол тээсэн нь эндүү ташаа хэрэг байсныг анхны нислэгээс л мэдсэн гэдгээ албаны зарим хүн тодотгож байлаа. Уг онгоц зөвхөн Ховдынхонд үйлчлэхгүй. Увс, Баян-Өлгий аймгийн иргэдийг Аэромонголиа компанийн Фокер-50 онгоцоор тээвэрлэн Ховд хотод авчраад тэндээсээ гурван аймгийн иргэд хотыг зорин Боингоор зорчино. Буцахдаа ч энэ л зарчмаар зорчиж, ердөө 2-3 цагийн дотор бараг хоёр мянган бээрийг туулна гэдэг сайхан хэрэг. Тэгэхдээ урьдынхаас хамаагүй хямд өртгөөр гээд бод доо. Ховдынхон л гэхэд 175 мянган төгрөг төлөөд л хоёр цагийн дотор Боингоор хотод бууна. Бусад хоёр аймгийн хувьд ч ялгаагүй 40-50 хувийн хямдралтай үнээр асар богино хугацаанд бие амар, сэтгэл тэнэгэр зорчих болсондоо үнэнхүү баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Энэ бол Засгийн газар, салбарын яам болоод МИАТ, Аэромонголиа компанийн хамтран гаргасан  шийдвэр байсан юм. Дотоодын агаарын тээвэрт шинэ хуудас нээсэн энэхүү нислэг хямд өртөгтэйгээр барахгүй дамжин өнгөрөх нислэгийг сэргээснээрээ онцлог юм. Цаашид нислэгийг тогтмолжуулахын тулд хямд өртгөөр шатахуун авах, Ховдын нисэх буудлын зэрэглэлийг дээшлүүлэх, Увс, Баян-Өлгийн дамжин өнгөрөх зорчигдын ая тухыг хангахаас эхлээд тун чиг олон ажил, бүтээн байгуулалт дагалдана гэдгийг, тэр бүгдийг гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газар олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олохын төлөө ажиллана гэсэн амлалтыг  Ерөнхий сайд Ховд хотынхонд дуулгасан. Үнэхээр ч онгоц гэдэг өтгөс, нялхсын хувьд хам гийн тааламжтай бөгөөд хурдан унаа гэдгийг батлах мэт нялхсаа тэвэрсэн ээж аав нар, таяг тулсан настнууд зорчигчдын дунд олон. Өвчний улмаас суугаа болж, тэргэнцэрт орсноос хойш төрсөн нутгаа анх удаа зорьж буй нэгэн ч байлаа. Тиймээс хямд өртөгтэй агаарын тээврийн энэхүү үйлчилгээ сонгууль угтсан шоу биш, цаашид удаан  үргэлжлээсэй гэж үнэнээсээ хүсч байгаагаа иргэд илэрхийллээ.

Ховд хот Сүхбаатарын одонтой болов

Алс баруун хязгаарын аймгууд нийслэл Улаанбаатар хотдоо улам бүр дөтөлсөөр байна. 1760 км-ийн  алсад орших Өлгий, 1580  км-ийн тэртээх Ховд, 1336  км-ийн холд орших Улаангомынхны хувьд Улаанбаатар урьдын адил хүрч очимгүй хол байхаа хэдийнэ больжээ. Автомашинаар хотод суугаа ах дүүсээ зорих гэж мянган бэрхшээл туулдаг цаг ард үлджээ. Учир нь зам харилцаа улам бүр хөгжсөөр байна. Үнэндээ зам дагаж хөгжил ирдэг ажээ. Мянганы зам мянгуужингийн үлгэр биш үнэн бодит амьдрал болж, алс хязгаар нутгийнхан хоттой ихэрлэн хөгжиж байна. Хөдөөх буйдад аж төрж буй хүмүүс маань хотынхоос дутахааргүй дардан замаар зорчиж, газрыг ёстой л нэг эвхэх болжээ. Дардан замаар хурдан зорчихын зэрэгцээ хөгжил дэвшилтэй хөл нийлэх боломжийг олгож байгаа юм. Ховд аймагт тавьж буй замд л гэхэд 20 км тутамд халаас карма гаргаж, тэнд худалдаа үйлчилгээ явуулахын дээр эргэн тойрон дахь Алтайн уулсаа дурандан харуулах дуран тавина хэмээн Засаг дарга Д.Цэвээнравдан танилцуулж байлаа. Ингэснээр Ховд болон баруун бүсийн аймгууд аялал жуулчлалын төв, мөн БНХАУ, ОХУ-ын зах хязгаар нутгийн хотуудын ачаа тээвэр, зорчигч тээврийн зангилаа болохоор зорьж буйгаа нутгийн удирдлагууд дуулгасан.

Хөдөөх буйдад амьдрал цэцэглүүлж болдгийг хязгаарын гурван аймгийн хаанаас нь ч харж болохоор байлаа. Хотоос очсоных гээд онцгойрох юм үнэндээ алга. Иддэг, хэрэглэдэг, өмсдөг зүүдгээрээ хотынхныг ч хол хаяхаар болсон аймаг орон нутгийнханд талархмаар. Орос, тува, хятад бараагаар лангуу дүүргэж, нутгийн брэндээр гайхуулсан тэдэнд харин ч атаархмаар. Мэдээж хөгжлөөрөө онцгойрох нь Ховд хот. Тийм ч болохоор Ховд аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав. Тэртээх 1973 онд  авсан Хөдөлмөрийн хүндэт медальтай нь хослуулан Сүхбаатарын одонг аймгийн туганд нь зүүж өгсөн юм. Энэхүү хүндтэй шагнал бол хөдөлмөрч, ажилсаг, хичээнгүй Ховд нутгийн бүх хүний шагнал гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгосон.

Зэрэг нүүдэллэсэн Зэрэг сумынхан

Түүний Ховд нутагт авч очсон бас шагнал бол Улсын тэргүүний сумын шагнал байлаа. Энэ жил улсын хэмжээнд дөрвөн суманд уг шагналыг олгосны нэг нь Ерөнхийлөгчийн төрсөн нутаг гэдгээрээ алдаршсан Зэрэг сум хүртжээ. 2014-2015 оны ажлаараа Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.  Хүнд хэцүүд зэрэг нүүдэллэх, зэрэг хөдлөх гэсэн утгаар нь Зэрэг хэмээх алдар хүртсэн тус сумынхан зэрэгцэж жагсаж байгаад нэр хүндтэй шагналаа тосон авсан. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд энгэр дүүрэн медальтай өтгөс буурлуудыг нь хүртэл магнай тэнийлгэсэн уг шагналын шалгуур чамгүй өндөр байсан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд гардуулахдаа  онцгойлон дурдана лээ. Зэрэг нүүдэллэсээр өнөөг хүртэл зэрэгцэн хөгжиж буй гэх Зэрэг сум эмэгтэй Засаг даргатай. Д.Октябрь  дээд сургууль дүүргэснээсээ хойш төрж өссөн Алтан тээлийн хөндийгөөсөө салаагүй бөгөөд нутагтаа багш мэргэжлээрээ олон жил ажиллаж, 2009 оноос Засаг даргын албыг хашиж буй юм. Тус суманд хотын бид ч атаархам сайхан цэцэрлэг байгуулсан нь содон.  Тэрхүү цэцэрлэгийг сумын хуучин  эмнэлгийн буурин дээр барьж босгосныг зарим хүмүүс Ерөнхийлөгчийн гэрийн буурин дээр барьсан гэх нь бий хэмээн нутгийн буурал хуучилсан юм.

Баруун бүсийн гурван аймгаас тэрлэсэн тэмдэглэлийн эхлэл болгон Ховдод тохиосон онцлох гурван үйл явдлыг товчлон тоймлон хүргэлээ. Дэлгэрэнгүйг цувралаар хүргэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна