Эдийн засагт “өвдөлт” хэвээр байна

2016 оны 4 сарын 25

Гуравдугаар сард 2050 төгрөгтэй тэнцсэн долларын ханш хэдийгээр 60 төгрөгөөр сулраад байгаа ч энэ нь түр зуурын эерэг үзэгдэл  юм.  Монголбанкнаас өгсөн мэдээгээр Монголын дотоодын зах зээлд долларын  нийлүүлэлт нэмэгдсэнээр  төгрөгийн ханш 3.4 хувиар чангарчээ. Засгийн газар нийтдээ 750 сая долларыг гаднаас босгосон.  Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар болон дөрөвдүгээр сард Credit Suisse-с 250 сая ам.долларын синдикат зээлийн санхүүжилт орж ирсэн, Засгийн газар 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлээс босгосон зэрэг нь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн гэдгийг эдийн засагчид тайлбарлаж буй.

Яг нэг сарын өмнө ам.долларын ханш 2051 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Харин өнгөрснө лолоо хоногт 1978 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш буцаад 10 орчим төгрөгөөр өсч, өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр 1990 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин арилжааны банкууд нэг ам. долларыг 2000 төгрөгөөр зарж байна. Эдийн засгийн судалгааны “EguleCap” байгууллагаас ирэх тавдугаар сард долларын ханш ам.долларын ханш 1980 орчим байх болов уу гэсэн таамаглалаа гаргав.  “Бондын хөрөнгийг дотоодын бонд болон засгийн газрын бондын төлбөрт зарцуулах магадлалтай байгаа тул цаашид ам.долларын ханш өсөх эрсдэл хэвээр буй”-г “EguleCap” судалгаандаа дурджээ.

Хэдийгээр долларын ханш өнгөрсөн долоо хоногт эрчимтэй суларч, төгрөг бага зэрэг сэргэж эхэлсэн ч ам.долларын ханш цаашид өсөх эрсдэл хэвээр байгааг эдийн засгийн хүрээнийхэн онцолж байна.

“Монгол улсын гадаад валютын албан ханш 2016 оны 2-р сарын байдлаар 1197.3 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеэс 12 хувь буурсан, өмнөх сараас есөн хувь буурсан үзүүлэлттэй байгаа”-г шинжээчид хэлж буй.  Гадаад шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдээгүй, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх боломжийг багасгаж байна. Энэ оны эцсээр  Монголын эдийн засгийн өсөлт 0,4 хувьтай гарна гэж Дэлхийн банкнаас таамаглаж буй билээ. Харин улсын төсөвт эдийн засгийн өсөлтийг 4 хувьтай гарахаар тооцоолсон.

Харин Дэлхийн банкнаас  БНАЛаос, Монгол, Папуа Шинэ Гвиней зэрэг харьцангуй жижиг эдийн засагтай хэд хэдэн улс орон түүхий эдийн үнийн уналт болон гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байхыг сануулах болсон.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон хэлэхдээ“Глобал санхүүгийн зах зээлийн тогтворгүй, орчинд макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх нь эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд чухал хэвээр” байгааг онцолсон.  Харамсалтай нь, Монголын парламентын сонгуулийн үр дүнг хүлээсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд бий болоод удаж байгаа юм. 

Энэ оныг дуустал эдийн засаг дахь “өвдөлт” хэвээр үргэлжилнэ гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа билээ.

Б.ХОНГОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна