Ненад Лалович: Монголчууд үнэхээр бөхөд хайртай ард түмэн юм

2016 оны 4 сарын 25

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээний анхных нь амжилттай зохион байгуулагдлаа. "Буянт-Ухаа" спортын ордонд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчид олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Ингээд Дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Сербийн иргэн Ненад Лаловичтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө Монгол Улсад анх удаа болсон олимпийн эрхийн тэмцээнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ жил спортынхоны хувьд гайхалтай жил болж байна. Бид бүхний хүсэн хүлээдэг олимпийн наадам хэдхэн сарын дараа Бразил улсад эхлэх гэж байгааг хүн бүр дор бүрнээ хүлээж суугаа. Тэр дундаа тамирчдын хувьд бол бүр их хариуцлагатай үе ирээд байна. Энэ удаагийн РИО-гийн олимпийн наадмын эрхийн тэмцээн хоёр удаа зохиогдож байгаагийн нэг нь Монгол Улсад боллоо. Дэлхийн 80 орны 600 гаруй тамирчид багийн хамт хүрэлцэн ирж, томоохон өрсөлдөөнийг гаргалаа. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн холбоонд талархаж байна. Тэмцээний явуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Засгийн газар болон бүхий л хүмүүст баярлалаа. Улаанбаатар хотноо анх удаа олимпийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн болж, 48 тамирчин эрхээ аваад буцлаа.

Улаанбаатар хотноо анх удаа олимпийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн болж, 48 тамирчин эрхээ аваад буцлаа.

-Олон орны шилдэг тамирчид олноор анх удаа Монгол Улсад цугларлаа. Тэд бүгд олимпийн эрхийн төлөө барилдсан. Харин Монголын баг тамирчдын тухайд та юу гэж хэлэх вэ?

-Сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчид олимпийн эрхийн төлөө Монгол Улсад ирсэн. Мөн өсөж яваа залуу тамирчид ч гэсэн энэхүү тэмцээнд оролцож, сайхан барилдааныг үзүүллээ. Сүүлийн жилүүдэд Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын амжилт ахиж байгаа. Миний бодлоор энэ удаа гурван боломжын төлөө өрсөлдсөн ч эрхээ авч чадсангүй. Гэхдээ сүүлийн боломж одоо Турк улсад болно. Ордонд ирсэн үзэгчдийн уухайг хараад монголчууд үнэхээр бөхөд хайртай ард түмэн гэдгийг мэдэрлээ. Бидний спортыг дэмждэг та бүхэнд талархаж байна. Эхний өдрөөс эхлээд би үзэгчдийн сайхан уур амьсгалыг хараад баярласан. Сонгомол барилдаанд Монголын бөх барилдаагүй ч гэлээ тэд олимп, дэлхийн медальтнууд болон өнөө цагийн шилдэг тамирчдын барилдааныг хараад урамшсан гэдэгт итгэлтэй байна.

Ордонд ирсэн үзэгчдийн уухайг хараад монголчууд үнэхээр бөхөд хайртай ард түмэн гэдгийг мэдэрлээ. Бидний спортыг дэмждэг та бүхэнд талархаж байна. Эхний өдрөөс эхлээд би үзэгчдийн сайхан уур амьсгалыг хараад баярласан.

-Монгол Улсад цаашид дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад хэр боломжтой байна гэж та үзэж байна вэ?

-Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэдэг бол ямар ч улсад амаргүй байдаг. Монгол Улсын тухайд урьд нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон эмэгтэй багуудын Дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан. Тиймээс энэхүү хариуцлагатай тэмцээнийг зохион байгуулж чадах гэдгээ урьд нь харуулсан болохоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “The first “Last-Chance”-г хийх боломжтой юм байна гэж үзсэн. Харин цаашид анхаарах зүйл их байгаа. Тамирчдын байрлах байр, бэлтгэлийн танхим болон бусад олон зүйлийг сайжруулах хэрэгтэй. Одооноос ДБНХ-оос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа. Урьд нь ДНБХ-д 500 мянган швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь 2 сая 500 мянга болтлоо өссөн. Мөн ДАШТ-д медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналтай болох гээд шаардлагууд нэмэгдэж байгаа. Тиймээс цаашид ази, дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулах эрхийг авах орны хувьд маш сайн бэлтгэлтэй байх нь чухал юм. Бөхөд хайртай Монголын ард түмнийг цаашид олон сайхан тэмцээнийг эх орондоо зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ дашрамд, Чөлөөт бөхийн гайхамшигт ялалт, ялагдалтай хамт байсан Монголын ард түмэн та бүхэнд талархлаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “The first “Last-Chance”-г хийх боломжтой юм байна гэж үзсэн. Харин цаашид анхаарах зүйл их байгаа. Тамирчдын байрлах байр, бэлтгэлийн танхим болон бусад олон зүйлийг сайжруулах хэрэгтэй. Одооноос ДБНХ-оос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна