Монголын музейг дэлхийн хаанаас ч үздэг боллоо

2016 оны 4 сарын 25

2015 оны 7 дугаар сард Гүүглийн соёлын хүрээлэнд Улаанбаатар хотын захирагч болон БСШУЯ-ны сайдын дэмжлэгтэйгээр Монгол орны уламжлалт соёлын өв, ёс зан заншлыг харуулсан музейн үзмэрийг оруулсан бөгөөд Монголын Үндэсний Музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейг виртуаль хэлбэрээр байршуулсан. Гүүглийн соёлын хүрээлэн нь дэлхийн 800-аад соёлын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж 6 сая гаруй түүхэн зураг, бичлэг, гар бичмэл, уран бүтээл бусад баримтуудыг байрлуулах цогц мэдээллийн санг зохион бүтээсэн юм. /https://www.google.com/…/co…/the-national-museum-of-mongolia/

Монголын Үндэсний музейн хувьд байнгын үзэсгэлэнгийн 7 танхимыг виртуаль хэлбэрээр, 80 гаруй үзмэрийг гэрэл зураг, мэдээллийг мөн 10 онлайн үзэсгэлэнг Гүүглийн Соёлын хүрээлэнгийн цахим санд нээлттэйгээр байрлуулаад байна. Ингэснээр музейгээ сурталчилхаас гадна дэлхийн аль ч орны иргэд интернетээр дамжуулан виртуаль музей, онлайн үзэсгэлэнг үзэх боломжийг олгосон юм. Энэ нь манай орны түүх, соёл, ёс зан заншлыг илтгэх музейн үзмэр, соёлын биет өвүүдийг онлайнаар үзэж, танилцах сайхан боломж нээж өгч байгаа юм.

Гүүглийн соёлын хүрээлэнд Монголын музейн үзмэр, мэдээлэлийг оруулсны ач холбогдлыг бид дараах байдлаар харж байгаа юм.

Үүнд:

- Монгол улс, монголын түүх соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон эх сурвалж болно.
- Монголын музейнууд Гүүглийн соёлын хүрээлэнд нэгдсэн дэлхийн бусад орны музейнуудтай харилцах боломж нээгдсэн.
- Олон мянган жилийн түүхтэй Монгол орны талаарх сонирхолыг нь нэмэгдүүлж бодитоор нь үзэх хүслийг төрүүлснээр манай улсыг зорих гадны орны иргэдийн аялал, жуулчлал нэмэгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна