Пхеньян шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөжээ

2016 оны 4 сарын 25

Хойд Солонгос шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөх туршилтыг амжилттай гүйцэтгэж цөмийн дайралт хийхэд нэг алхам ойртлоо хэмээн мэдэгджээ. Хойд Солонгос бямба гаригт /IV.23/ зүүн эргийн ойролцоо шумбагч хөлгөөс пуужин хөөргөсөн нь 30 км орчим хол туссан байна. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй баллистик пуужингаар Сөүл болон Вашингтоныг газрын хөрснөөс арчихаар сүрдүүлж байгаа юм. Хойд Солонгос өнгөрсөн оноос эхлэн шумбагч хөлгөөс пуужин хөөргөх туршилт хийж эхэлжээ.

АНУ-ын төрийн департментын зүгээс Хойд Солонгос баллистик пуужингийн технологи ашиглаж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Франц улсын зүгээс Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг Европын холбооноос шаардсан байна.

Аюулгүйн зөвлөлийн 2006 оны тогтоолын дагуу Хойд Солонгос цөмийн туршилт хийх, баллистик пуужин хөөргөх хориотой юм. Гэвч Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр Аюулгүйн зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард Пхеньяны эсрэг хоригоо улам чангатгасан юм.

Эх сурвалж: The World Post

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна