Эдийн засаг энэ сард ямар байх вэ?

2016 оны 4 сарын 25

Сэтгүүлч:
Г.Сүмбээ

Дэлхийн эдийн засгийн байгууллага (World Economics) нь сар болгон улс орнуудын  бүсчилсэн эдийн засаг ,бизнесийн орчинг үнэлэн, дүгнэлт гаргадаг бөгөөд ямарваа нэгэн улсын Засгийн газраас огт хамааралгүй байгууллага юм. Тус байгууллагын тооцоолон гаргасан Монгол Улсын 2016 оны дөрөвдүгээр сарын “Борлуулалтын менежерийн индекс” (Sales Managers’ Index) үзүүлэлтийг орчуулан хүргэж байна. Дараагийн удаад тавдугаар сарын Монголын бизнесийн орчин дахь урьдчилсан дүгнэлтийг хүргэх болно.

ГУРАВДУГААР САР: Бизнесийн орчны доройтол үргэлжилсээр

Борлуулалтын менежерийн индекс (БМИ) Монгол Улсын сар болгоны эдийн засгийн үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээг гаргажээ.  Тодруубал,  Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн өсөлтийн индекс (MGI), Бүтээгдэхүүний борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index) болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн таван суурь үзүүлэлтийн дундаж утгууд дээр үндэслэн гаргадаг юм байна.

Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:

  • Ажил олголтын түвшин судалгаа эхэлснээс хойш хамгийн доод түвшинд очлоо
  • Бүтээгдэхүүн борлуулалтын болон Зах зээлийн өсөлтийн индекс буув.
  • Богино хугацааны нөхцөл байдал цаашид буурах хандлагатай байна.

Монголд бизнес эрхлэх орчин таагүй байна

Монгол улсын борлуулалтын менежерийн индекс хэдийгээр графикийн сөрөг талбайд байрлаад удаж буй боловч, энэ оны дөрөвдүгээр сарын авч үзвэл сүүлийн хэдэн сараас ялгаатай нь бага ч боловч өсөлтийг үзүүлэв. Учир нь 2016 оны гуравдугаар сард 33,4 хувьтай байсан БМИ  дөрөвдүгээр сард  нэг хувиар өсч, 34,4 хувьтай гарчээ. Энэ бол улс орон даяар бизнес эрхлэх орчин таагүй хэвээр байгааг харуулж буй юм.

БМИ нь 50 хувиас дээш үзүүлэлтийг үзүүлэх буюу графикийн эерэг утгын талбайд байрлаж байвал эдийн засгийн өсөлтийг,  50 хувиас доош чиглэсэн  байвал (графикийн сөрөг талбарт байрлавал) бууралтыг илтгэдэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт сүүлийн 26 сарын туршид сөрөг талбарт байсаар иржээ.

Одоо суурь индексүүд есдүгээр сард ямар өөрчлөлт үзүүлснийг хүргэе.

  • Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)

Энэ оны дөрөвдүгээр сард 37 хувьтай тэнцэж байсан Бизнесийн итгэлтэй байдлын индекс дөрөвдүгээр сард онцын өөрчлөлт үзүүлсэнгүй. Юутай ч, энэхүү үзүүлэлт графикийн сөрөг талбайд сүүлийн арван дөрвөн сар дараалан байрлаж буй юм. Судалгаанд оролцогч компаниудын борлуулалтын менежерүүд бизнес эрхлэхэд тулгарч буй энэхүү илтэлтэй байдлын бууралтыг  түүхий эдийн үнэ буурсан, зах зээлийн эрэлт суларсан болон ажил олголтын түвшин буурсантай  холбон тайлбарлажээ. Энэ индекс нь Борлуулалтын менежерийн индекстэй адил 50 хувиас дээш утга үзүүлсэн бол өсөлттэй, үгүй бол бууралттай хэмээн дүгнэдэг.

  •  Зах зээлийн өсөлтийн индекс (Market Growth Index)

Зах зээлийн өсөлтийн индекс энэ дөрөвдүгээр сард 2015 оны 10-дугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээнд хүрчээ.  Зах зээлийн өсөлтийн игдекс ийнхүү графикийн сөрөг талбарт сүүлийн хоёр жил байршиж буй юм. 

  • Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)

Энэ индекс нь 2015 оны есдүгээр сараас хойшхи хамгийн огцом уналтыг дөрөвдүгээр сард харуулжээ. Мөн адил графикийн сөрөг талбарт байрлаад олон сарын нүүрийг үзэж буй энэхүү үзүүлэлтээс хэрэглэгчдийн худалдан авах чадвар шууд харагдаж буй юм.

  •  Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)

2016 оны дөрөвдүгээр сарын хувьд Нэрлэсэн үнийн индекс өнгөрсөн сартай харьцуулахад яльгүй хэмжээгээр буусан байна. Бараа бүтээгдэхүүний эрэлт муу байгаатай холбоотойгоор барааны нэрлэсэн үнэ бууж буй боловч, компаниудын хоорондох үнийн өсөлтийн өрсөлдөөн зэх зээл дээр байгаа учраас борлуулалтын менежер нар бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах замыг сонгоход хүргэсэнтэй холбоотой гэжээ.

  • Ажил олголтын индекс (Staffing Level Index)

Монголын компаниудад зардлаа танах шаардлага тулгараад буйтай холбогдуулан Ажио олголтын түвшин бууралт үзүүлсэн хэвээрээ байна. Энэхүү судалгааг хийж эхэлсэн 2013 оны гуравдугаар сараас хойшхи Ажил олголтын индексийн хамгийн огцом  бөгөөд эгц уналтыг 2016 оны дөрөвдүгээр сард харж болохоор байгаа аж.

Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

-“Монгол Улсын 2016 оны дөрөвдүгээр сард Зах зээлийн өсөлтийн индекс, Бүтээгдэхүүн борлуулалтын индекс, Нэрлэсэн үнийн  индексүүдийн уналт харьцангуй сул байгаа боловч Бизнесийн итгэлтэй байдлын индекс болон Ажил олголтын индекс тун хэцүүхэн огцом уналтуудыг үзүүлж байна. Үүнээс үүдэн дүгнэхэд  ирэх хэдэн сарын туршид улс орон даяар зах зээлийн эрэлт ийн түвшин уналт үзүүлсэн хэвээрээ байх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна