Цэнхэр аялгуунд шингэсэн Сэнгийн Адьяасүрэн

2016 оны 4 сарын 25

1990-ээд оны эхэн үеийн ороо бусгаа цаг Д.Урианхай найрагчийн амьдралын хамгийн хүнд хэцүү үе байв. Нэгэн орой буурал найрагч гудамжинд ганцаараа гуниглангуй алхаж явжээ. Гэтэл нэгэн залуу шүлэгч түүнийг танимхайран мэндэлж, “Хорвоо их хатуу юм аа. Би таныг холоос бараагаар чинь танилаа. Та бол энэ орчлонг өрөөсөн хөлөөрөө л туулж явна даа” гэжээ. Уул шиг налгар сүрлэг харагдавч дотроо элсэн манхан шиг нурж явсан Д.Урианхай  найрагчийн хувьд энэ үг одоо ч гэсэн цээжинд нь эхийн сүү шиг халуунаараа оршсоор буй ажээ. Тийнхүү уулзахдаа С.Адьяасүрэн найрагч Д.Урианхай гуайн нэг номыг хэвлэж өгнө хэмээн амлаж. Ингэхдээ “За ах аа, дүү нь нэг их баян цатгалан хүн биш. Гэхдээ тав арван цаас орж гарч байна. Та чинь их зовлонтой, хүнд ойлгогдохгүй философийн, модернист юм их бичдэг. Тийм ойлгомжгүй юмнуудыг чинь би хэвлэж өгөхгүй ээ. Харин сая сонинд хэвлэгдсэн ханийнхаа хойноос гаслаж бичсэн тэр шүлэг шиг чинь тийм шүлэг танд олон байгаа байх. Тийм номыг чинь хэвлэж өгье” гэж түс тасхан хэлжээ. Түүнээс хойш тэд гурван жил гаруй уулзсангүй гэнэ. Гэтэл 1994 онд гэнэт нэг өдөр тааралдаад л С.Адьяасүрэн найрагч Д.Урианхай гуайгаас номыг нь нэхжээ. “Би танд эр хүн шиг, яруу найрагч хүн шиг амласан. Таны ном хаана байна” гэж. Ийнхүү Д.Урианхай найрагчийн “Дотоод чинад” хэмээх ном уншигчдын гар дээр очих учрал тохиол бүрджээ. 

“Яруу найрагч С.Адьяасүрэнг би өөрийнхөө төрсөн дүү шиг, төрсөн хүү шиг элгэн дотуураа санаж явдаг. Ер нь их баярласан хүн байгаа юм аа би, С.Адьяасүрэндээ. Одоо бол сэтгэлийн их өртэй” хэмээн Д.Урианхай найрагч нэгэнтээ өгүүлсэн нь ийм учиртай. Тиймээс тэрээр “Дотоод чинад” номдоо багтсан “Өнчин хайлаасанд учирласан шүлэг”-ээ С.Адьяасүрэн найрагчид зориулсан байдаг.  

1980-аад оны эхэн, дунд үе, 1990-ээд оны яруу найрагчид Сэнгийн Адьяасүрэн найрагчийг андахгүй. Хүн чанар, тусч сэтгэлээрээ тэрээр олон хүнийг өөртөө татаж байлаа. Тиймээс түүний нэгэн үеийн яруу найрагч, зохиолч, сэтгүүлчдээс Адьяасүрэнгийнх хэмээх айлаар очиж байгаагүй хүн ховор гэдэг. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Ш.Уянга, Ш.Цогт, Н.Даваадаш, Г.Ишхүү, сэтгүүлч Цогзолын Ганхуяг нар тэднийхээр олонтаа орж гарч, шүлэг найргаа уншин онгод бүтээлээ хөглөж явсан юм. 

Яруу найрагч Т.Содномнамжил агсан нэгэнтээ түүний тухай дурсан хуучлахдаа “Тэр бол орчлон хорвоогийн хамгийн зөөлөн, ариун сэтгэлтэй хүн байсан. Анх яруу найрагч О.Дашбалбар багшийн гэрт Сэнгийн Адьяасүрэн гэдэг хүнтэй танилцаж байсан. Түүнээс хойш уран бүтээл, ахуй амьдрал бүхий л талаар бид маш ойрхон бөгөөд номын ах дүү явсан. Монголчууд хүж барилцсан ах дүү гэж ярилцдаг даа. Түүн шиг цамцаа солилцсон ах дүүс гэж бид өөрсдийгөө нэрлэдэг байлаа. Тийм ах дүүс байлаа. “Цэнхэр аялгуу” гэдэг ном бол 1980-аад оны сүүл үеийн Монголын уран зохиолын, ер утга зохиолын 1980-аад оны зөөлөн намуун уянгын онцлог шинжийг агуулсан гэгээн ном л доо. Тэр хүнийг бид “Цэнхэр аялгуу” гэдгээр нь, ”Хавар айсуй” гэж бас нэг номоор нь нэрлэдэг. Энэ хоёр номыг би хүнлэг сэтгэлийн дуулал, гоо сайхан, ертөнцийн эгэл далд, нууцлаг гоо үзэмжийн тухай цогц яруу найргийн ном гэж үздэг.

Хүний хувьд бол цайлган, тусархаг, маш их итгэмтгий, хүүхдэрхүү гэнэн сэтгэлтэй сайхан найрагч байсан. Очирбатын Дашбалбар, Жамьянгийн Болд-Эрдэнэ нарын найрагчидтай дотно явсан найрагч байгаа юм” хэмээн өгүүлж билээ. 

С.Адъяасүрэн агсан В.Вернадский зэрэг эрдэмтэд, гүн ухаантнуудын ертөнцийг үзэх үзлийг нэлээд шимтэн судалсан нэгэн байв. Мөн шашны гүн ухаанд  нэвтэрсэн, энэ чанараараа Говийн ноён хутагтын алдрыг мөнхжүүлэх, түүний тамга тэмдгийг олох, зураг хөргийг нь зуруулах талаар сэтгэл тавин хөөцөлдөж байсан гэдэг. Түүний шашныг үзэх үзэлд нь олон хүн нөлөөлж байсан болов уу гэмээр. Тэрээр өөрөө буддын шашны нэрт зүтгэлтэн Х.Гаадан хамбад хадаг барьж багш шавийн барилдлага тогтоосон байна. Тиймээс шашны үзэл онолыг ойлгодог, ариусахын их чанарыг биедээ шингээж, өөрөө тэр боловсролоор хүмүүжсэн хүн байжээ. Энэ талаараа О.Дашбалбар агсантай сэтгэл зүрх нэг, тэд шүлэг яруу найраг, шашин хийгээд ертөнцийг үзэх үзлээрээ ойр байсан ажээ. Их сургуульд сурч байхдаа С.Адьяасүрэн О.Дашбалбар найрагчийнд нэг хэсэг амьдарч байсан  гэдэг. 

“Сэнгийн Адьяасүрэн бол Өвөрхангайгаас 1980-аад оны дунд, 1990-ээд оны үед төрөн гарсан цөөхөн хэдэн яруу найрагчийн нэг. Энэ үеийн залуучууд арай ахмад үеийнхэн болсон мань мэтийн улсыг дагаж бидэндээ урам хайрлаж, өөрсдөө урам авч ухаандаа бидний шүлгийн салхинд явж өссөн хүүхдүүд. Сэнгийн Адьяасүрэн, Данзангийн Алтангэрэл, Сольтогтохын Дамдиндорж, Баярхүүгийн Ичинхорлоо, Бямбын Сарантуяа гээд нэрлээд байвал хөдөө орон нутагт ажиллаж байгаа улс ч байна. Бас олны танил нэр цуутай улс ч байна. Эдний дотроос Сэнгийн Адьяасүрэн гэж яруу найрагч хэдийгээр хорвоо дээр 37-хон жил амьдарсан боловч яруу найрагч нөхөд хийгээд ахмад үеийнхнийхээ сэтгэлд гэгээлэг сайхан мөр үлдээсэн яруу найрагч. С.Адьяасүрэн бол их цагаан цайлган сэтгэлтэй. Хүнд тус болохын төлөө төрсөн хүн гэвэл Адьяасүрэн. Өөрт нь юм байсан ч, байгаагүй ч хүнд “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэгчийн үлгэрийг үзүүлж чаддаг тийм өгөөмөр, сайхан гэгээлэг тэнгэрлэг яруу найрагч байсан” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн Нацагийн Даваадаш дурсан ярьсан юм. Арц Богдын уулс, Ховд гол, нар тоссон говийн сэжүүр Гэгээнтийн хөндий... Энэ бол яруу найрагч Сэнгийн Адьяасүрэнгийн төрж, өссөн нутаг. Тэрээр төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайгаас хойш Өвөрхангай аймгийн Богд сумаас төрөн гарсан авьяаслаг яруу найрагч байлаа.

Итгэмтгий, тусархуу, цайлган цагаан зан, уян зөөлөн сэтгэл... Энэ бүхэн нь  түүний  шүлэг бүрээс тодрох шиг болдог юм. 

Одоо, орчлонгийн одод, шөнийн нам гүмээ орхин гэртээ харъя
Зөөлхөн шивнээ, зовнисон сэтгэлдээ шатаж
Зөвхөн ганц ганцаараа алхъя       
Хэнд ч хэлж зүрхэлдэггүй нууцхан жаргалаа
Хайрлах гэж хойно хойноосоо алхъя
Одоо, орчлонгийн одод,шөнийн нам гүмээ орхин гэртээ харъя
Чимээгүйхэн санан хэн хэнээ үгүйлэх
Чиний ятга саран доор дуулж байна
Үүл хураагүй, модод шуугисан цэнхэр аялгуу
Үнэндээ чи бидэнд олддоггүй зовлон хүүрнэж байна
Одоо, орчлонгийн одод, шөнийн нам гүмээ орхин гэр гэртээ харья.

Ийм өнгө хэмнэл, уянга, сэрэхүй нэвт шингэсэн хөгжимлөг гэгээн шүлгүүд нь үлджээ... Тэрээр үнэхээр л орчлонгийн одод, шөнийн нам гүмээ орхин, бидний дунд орон зайгаа үлдээгээд  нэгэн шүлэгтээ бичсэн шигээ  “Цас шиг хайлан үндэс тэтгэхээр” одсон байнам. Түүний шүлэгт хүнийг хайрлах их нинж нигүүлсэхүйн сэтгэл, энэрэл хайр, амьдралын сайн сайхны гэрэл гэгээ, нар сар оддын тухай олонтаа өгүүлсэн байдаг. Энэ чанараараа С.Адъяасүрэн 1980-аад оны Монголын яруу найрагт орж ирсэн намуун уянгынхны нэгэн төлөөлөгч байлаа. Яруу найрагч болохын тулд юун түрүүнд жинхэнэ хүн байх хэрэгтэй гэсэн үг байдаг. Үүгээр бодвол С.Адъяасүрэн агсан үнэхээр утга уянга хийгээд ертөнцийн гоо сайханд зүрх сэтгэлээрээ шунан дурлаж, түүний төлөө амьдарч явсан жинхэнэ яруу найрагч байсан юм. 

Олон  олон хоног зүүдээ манаж
Орчлонгийн цэнхэр аялгуунд согтож явна би
Хараа цуцах тэртээд хүсэл бодлоо илгээж
Хаа нэгтээ хүлээх тэнгэрийн охидыг хайрлана.
...Орчлонгийн хөг аялгуу цэв цэнхэрхэн өнгөтэйг мэдэрч, уул ус, нар, сар, тэнгэр, газар, өсөх өтлөх хүний амьдрал цөм өөр өөрийн өнгөтэй, өнгө бүхэн өөр өөрийн хөг эгшигтэйг сонсож ухаарч чаджээ тэр. Тэрээр амьдралын дотоод аязыг олж сонсохыг хичээн аниргүйн аялгуунд хүрэхийг эрмэлзэж байлаа.
Хөх униар, хөх зэрэглээ, хөх шувуутай
Хавар ирнэ... 
Хавар цагийг ийнхүү сэрж мэдэрч бичжээ. С.Адъяасүрэнгийн шүлгийн энэхүү дотоод хөг аялгуу сэтгэл зүрхийг чимээгүйхэн эзэгнэх шиг болдог. Тэрээр хавар цагийн шүлэгч байлаа. Цэнхэр орчлон, хөх униарт хавар, цав цагаахан шөнө, улбар ягаан үүрийн гэгээ, шаргал говь... Энэ бүхэн түүний сэрэл мэдрэмж, орчлонгоос олж сонссон аялгуу, шүлгийнх нь амь байсан. 

Шүлэг шиг уяхан сэтгэлтэй, шүлэг шиг яруухан бодолтой ийм л нэгэн найрагч бидний дунд ирээд тэнгэрийн дуудлагаар яаруухан буцжээ. Буцахдаа тэрээр олон олон хүний сэтгэлд өөрийн зайгаа үлдээж, хайрлагдан дурсагдсаар байна. Амьдад нь түүнийг хайрлаж  хүндэтгэн “Өнөө шар Адьяасүрэн хаа явна” гэх хүн олон байсан. Багын нөхөд, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч андууд нь гээд олон хүмүүс өдгөө ч түүнийг дурсан ярьсаар. Хааяахан тааралдахад халамцуухан алхаж явах, хэн нэгэнд гомдоод уйлж зогсох, шүлгээ уншаад омгорхож ч байх... Хүнд тус болъё гэвэл юугаа ч хайрлахгүй, заримдаа хүүхэд шиг гэнэн загнах. Сэнгийн Адъяасүрэн гэж ийм л нэгэн хүний хайлан явлаа. 

“Хамгийн сүүлд 1998 оны арванхоёрдугаар сард С.Адьяасүрэн, Т.Содномнамжил бид гурав Чингэлтэй хайрханы нэг жижигхэн овоо тахилгатай уулан дээр гараад сайхан цэвэр цасан дээр хэвтэж, гурвуулаа ганц шил юмны бөглөө мулталж, удахгүй болох Монголын зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойн тухай, тэр үеэр зохиогдох “Болор цом” ямаршуу болдог бол гэж ярилцаж, за тэгээд холын одод, охид бүсгүйчүүдийн гоо сайхны тухай шинэ шүлгүүдээ харилцан уншилцаж билээ. Ингэж сайхан уулзаж учирч байсан тэр өвлийн нар хэвийж байсан үдээс хойшхи уулзалт бидний сүүлчийн уулзалт байсан. Дахиад бид тийм сайхан өвлийн тунгалаг агаарт цэвэр цасан дээр хэвтэж шүлэг найргаа уншилцаж чадаагүй дээ…” Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадаш ийн дурсаад нэг их санаа алдсан сан. Өвлийн өдөр нарны туяанд солонгорох цасан дээр хэвтээд шүлгийн болор хундага жингэнүүлэн онгодоо цалгиаж асан дээлтэй төрсөн хоёр дүүгээ дурсахдаа тэрээр цээж хөндүүрхэн байх нь аргагүй ээ. Т.Содномнамжил найрагч сэрүүн тунгалагтаа цамцаа солилцсон ахынхаа тухай өгүүлсэн чин сэтгэлийн гэрэлт үгсээр энэ бичвэрээ өндөрлөе. 

“Сэнгийн Адьяасүрэн бол Арц Богдын уулсын яруу найрагч юм. Тэр өнгөний тухай мэдрэмжийг хамгийн яруу тодоор илэрхийлсэн яруу найрагч. Нарны өнгө юм уу, нарнаас дэлхийн бүх өнгө үүсдэг гэсэн ийм философи санааг шүлгэндээ дандаа агуулж байдаг. Нөгөө талаар Сэнгийн Адьяасүрэн бол хүнлэг сэтгэлийн, хүнийг хайрлахуйн, нинж нигүүлсэхүйн яруу найргийг Монголд  оруулж ирсэн хүн. 1980-аад оны сүүл үе, 1990-ээд оны эхээр асар их туурвисан тэр билэгт, хөгжимлөг, гэгээн, цайлган шүлэгч өнөөдөр бидэнд маш ихээр үгүйлэгдэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүний сайхан чанар бидний зүрх сэтгэлд, уран бүтээлч нөхдийнх нь зүрх сэтгэлд үгүйлэгдэж байна. Миний номын ах, номын ёсоор шүтэн барилдсан билэгт яруу найрагч бол Сэнгийн Адьяасүрэн мөн. Хорвоо ертөнцөд сайн хүн гэж байдаг бол тэр нь Сэнгийн Адьяасүрэн мөн. Хорвоо ертөнц дээр сайхан сэтгэлийн яруу найраг гэж байдаг бол тэр нь Сэнгийн Адьяасүрэнгийн яруу найраг юм”.      

Г.СОНИНБАЯР

Эх сурвалж: www.ardiinerkh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна