Сонгууль товлосон хугацаандаа амжих уу?

2016 оны 4 сарын 26

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулийн холимог тогтолцоогоор УИХ-ын гишүүдийг сонгох заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар сонгуулийн өмнөх улс төр ойлгомжгүй байдалд орлоо. Өчигдөр /2016.04.25/ хуралдсан УИХ дахь Ардчилсан намын болон Монгол Ардын намын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн нь ойлгомжгүй улс төрийг чухамхүү энэ хоёр нам үүсгэсэн гэсэн харыг бататгалаа. Дөрвөн жилийн өмнө энэ асуудлыг УИХ хүлээж авахгүй гэсэн хариу өгч байсан юм. Ийнхүү дөрвөн жилийн өмнө хойно нэг асуудлаар хоёр өөр байр суурийг илэрхийлж байгаа нь хүсвэл, өөрт хэрэгтэй бол үгсч байгаад нэг талдаа гардаг нь  МАНАН-гийн хэв шинж болжээ гэж ойлгогдож байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн өчигдөр хэвлэлд өгсөн мэдээгээр Цэцийн энэхүү шийдвэртэй уялдан шинэ хуулийн дагуу явж байсан сонгуулийн бэлтгэл ажил эцсийн шийд гартал зогсох болчихоод байгаа юм. Түүний хэлснээр хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой хийж байсан зохион байгуулалтын бүх ажил өчигдрөөс зогсчээ. Тухайлбал хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлыг зогсоожээ. өнөөдрөөс түр зогсоож байна. “Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах төв комисс, дипломат төлөөлөгчдийн газар байрлаж байгаа салбар комиссын үйл ажиллагааг УИХ-аас шийдвэр гарах хүртэл хугацаанд зогсоохоо мэдэгдээд байна” хэмээн Ч.Содномдорж ярьжээ.

Мөн Сонгуулийн тухай шинэ хуульд зааснаар энэ долоо хоногт нам, эвсэлүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий Хороонд ирүүлэх ёстой, ирэх долоо хоногоос нэр дэвшүүлэх ажил эхлэх учиртай юм. Тиймээс нам, эвсэл нэр дэвшүүлэхээс өмнө Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж нэг тийш нь болгохгүй бол нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хугацаанд явагдаж чадахгүйд хүрэхийн анхааруулжээ. Нэр дэвшүүлэх хуулийн хугацаанаас өмнөасуудал нэг тийш шийдэгдвэл саналын хуудас, техник хэрэгслийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй, харин хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар, маягтуудад өөрчлөлт оруулаад явах боломж байгаа юм байна.

Хэрэв хоёр нам нэгэнт ам хэлээ нийлүүлсэн бол Цэцийн асуудал энэ долоо хоногтоо шийдэгдээд явах байх гэсэн найдлагыг төрүүлж байна. Эс тэгвэлсонгуулийг зургадугаар сарын 29-нөөс хойшлуулах маш их зардал, чирэгдэл дагуулна. Сонгуулийн маргаашнаас шахам АСЕМ-ийн цуврал арга хэмжээнүүд Улааанбаатар хотноо зохиогдох товтой байгаа.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна