Баянгол: Бие даагчдын шохоорхол татсан тойрог

2016 оны 4 сарын 26

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.


С.Эрдэнийн вант улс хэмээн нэрлэгдэх болсоор удаж буй УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан нам улстөрчдийг, МАН бизнесмэн сойх шинжтэй байна.

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 22-нд болж, УИХ-ын гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна хэмээн үзсэн нь УИХ Сонгуулийн хуулиа өөрчилж болзошгүй нөхцөл үүсгээд буй. Парламент дахь голлох хоёр улс төрийн хүчин болох АН, МАН “Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зөв” гэсэн нэг байр суурь барих болсон нь томсгосон 26 тойрог эргэн ирж болзошгүй нөхцөл байдал үүсгээд буй. Одоогоор хамгийн ойлгомжтой болсон асуудал нь МАН жагсаалтын 28 мандатын 20-ыг орон нутагт, 8 мандатыг Улаанбаатар хотод шилжүүлэх сонирхолтой байгаа бол Ардчилсан нам жагсаалтын 28-аас 12-ыг нийслэлийн зургаан дүүрэгт нэмэх хүсэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал дээр хоёр тал зөвшилцөл хийх болж буй.

Хэрвээ Ардчилсан нам санасандаа хүрч жагсаалтын 28 мандатын 12-ыг нийслэлд үлдээх байр сууриа хамгаалж чадвал Баянгол дүүргийн мандатын тоо дөрөв болно, МАН-ын санал дэмжлэг хүлээвэл тус тойргийн мандатын тоо гурав болж, нэгээр хумигдах юм. Сүүлийн хэдэн жил дараалан Ардчилсан нам хотод хамгийн хүчтэй явж ирсэн бол МАН хөдөө дэх орон зайгаа алдахгүй яваа. Үүнтэй холбоотойгоор тойргийн мандатын тоог өөрсдөд ашигтай хувилбар луу шилжүүлэхийг чармайж ирсэн билээ.

Одоо УИХ-д Баянгол дүүргийн иргэд, сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар сууж байна.

Ардчилсан нам

Эрх баригч хүчнээс дээрх тойрогт УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нараас шигших сураг дуулдана. Сонгуулийн хуульд өөрчлөлт орох нөхцөл байдал үүсээгүй бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа намын нэрсийн жагсаалтад нэлээн дээгүүр бичигдэх байжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга төдийгүй өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь намын жагсаалтад бичигдэх болзлыг хангасан байсан аж. Гэвч одоо найдлага бага болсон. Саарал ордонд нисэх бор шувуугаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг доторх гишүүдээс жагсаалтын 28-ыг байхгүй болгохыг хамгийн их эсэргүүцэж буй гишүүний нэг нь С.Одонтуяа гишүүн гэх. Жагсаалт горилж байсан нь бүтэлгүйтэх тийшээ хандсан нь эсэргүүцэх шалтгаан болов уу, мажоритар тойргийн сул тал эмэгтэй нэр дэвшигчид хатуудна хэмээн үзэж эсэргүүцээд эхлэв үү гэдэг удахгүй тодорхой болох биз.  

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр Баянголд дуулдаж эхэлсэн нь Ардчилсан нам толгой хуульчдаа нэг дор зүтгүүлж, бие биенийхээ саналаас нь хуваалцуулах ямар хэрэгтэй юм бэ гэж бухимдах хүн ч гарч ирж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд тэд намын нэрсийн жагсаалтад бичигдэж, УИХ-ын гишүүн болсон юм.

Угшлыг нь хөөвөл УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Архангай аймгийнх. Х.Тэмүүжин гишүүний хувьд 2008 онд Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тул тойргийнхондоо хуучин хүн юм. УИХ-д сонгогдсон цагаасаа хуулийн салбарт хийсэн шинэчлэлүүдийг гардаж ажилласан байдаг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олон суудалтай болж, Засгийн газраа байгуулахад нам нь түүнд Хууль зүйн салбарыг удирдах үүрэг хүлээлгэсэн. Гэвч шинэчлэлийн Засгийн газар унаснаар сайдын албанаасаа чөлөөлөгдсөн юм.

Ардчилсан намынхан МАН-тай хавсаадан Н.Алтанхуягийн танхимыг унагасан ч эргэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон хүн бол С.Эрдэнэ. Намын нөхөд нь түүнийг “Хоншоортой сайд” гэж тодотгодог бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ардчилсан намд С.Эрдэнэ гэдэг хэнд ч дийлддэггүй нэг хүн байна. Сайд С.Эрдэнийн төсвийн багцыг хар. Эдийн засаг хүнд байна, төсвийг үр ашигтай зүйлд зарцуулах ёстой гэх хэрнээ нэг хүнд зориулж байшин барих төсвийг сайд С.Эрдэнэд өгч байна. Хэр зөв хуваарилалт юм бэ. Үүнд Сангийн сайд хариулаадах” гэхэд Б.Болор сайд “Би мэдэхгүй гэж бүлтэлзэн намын нөхөд нь инээлдсээр 2016 оны төсвийг баталж байв. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хоёр жил дараалан Баянгол дүүргээс сонгогдсон байдаг юм.

МАН

Боловсон хүчнээр сууж байгаагүй МАН Баянгол дүүрэгт Засаг дарга асан Л.Амгалан, “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар нарыг сойх чимээ гарч эхэлсэн нь Ардын нам бизнесмэнээ, Ардчилсан нам улстөрчдөө Баянголд зүтгүүлнэ гэх яриаг улам ч бататгаж, ханцуй дотроо наймаа хийцгээчихсэн юм биш байгаа гэх хардлага ч дагуулах болжээ. Хуучин энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өрсөлдөж, УИХ-д сонгогдож байсан юм. Гэвч МАН хоёр хуваагдсан, мөн Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилд тойргийнхон нь 2012 оны УИХ-ын сонгуульд итгэл үзүүлээгүй, гайгүй сайн хуульч нь Хүний эрхийн үндэсний комиссын дарга болсон зэрэг нь үндсэндээ Ардын намыг нэр дэвшигчгүй болгоо юу гэлтэй. Сонгуулийн сезон эхэлж горилогчид тойрог авах гээд намын удирдлагуудаа хормойдон нойр нь хүрэхгүй явахад Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил саяхан болж өнгөрсөн намынхаа IV Бага хуралд ирж үзэгдсэнийг эс тооцвол өөр оролцоогүй яваа аж. Харин Ж.Ганбаатар, Л.Амгалан нар хэзээнээс сонгуулийн бэлтгэлээ базаан “дэвэх” болжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалангийн хувьд сонгууль угтсан PR-аа “Эх орончдын өдөр”-өөр эхлүүлж Түвдэнгийн Борын дүрээр мэндчилгээ дэвшүүлсэн нь сошиал ертөнцөд дуулиан дагуулаад амжсан юм. Хамт нэг баг болж орох Ж.Ганбаатарын хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өрсөлдөн төлөөлөгчөөр сонгогдож ирсэн гэх мэдээлэл байна.

Мөн тус тойрогт ХҮН-аас Х.Ганхуяг өрсөлдөх мэдээлэл байгаа бол дуучин М.Нарантуяа /Нара/, “Боса холдинг”-ийн захирал Д.Батмөнх, эдийн засагч Н.Дашзэвэг нар бие даан нэр дэвших тухай дуулдлаа. Дуучин Нарагийн хувьд бие даан нэр дэвшихээ эрт зарлаж, цахим ертөнцийг шуугиулаад амжсан билээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна