“Дарьтай торх шиг болчоод байна”

2016 оны 4 сарын 26

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.


Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн

“Эрх баригчдын дотоод тэмцэл, толхилцоон дээд цэгтээ хүрч одоо бол дэлбэрэхийн өмнөх дарьтай торх шиг болсон нь нууц биш. Бид “ардчилсан” учраас асуудлаа ил ярьдаг гэж үүнийгээ өхөөрдөхийг нь яана. Энэ сонгуулиар Монголд нүүрлэсэн улс төрийн хямралыг зогсоох нь хамгийн гол зорилт болж байна. Улс төрийн хямралыг зогсоож чадвал эдийн засаг наашилна. Улс төрийн хямрал үнэндээ устай яр болчихоод байна шүү дээ. Засаглалын хямрал араасаа бусад олон хямралыг дагуулж байна. Ардчилсан нам засаглаж чадахгүй байна гэдгээ гурав дахь удаагаа нотолчихлоо. 1990 онд, 1996 онд, 2012-2016 онд засаг барихдаа шүү дээ. Монгол Ардын намд улсын ажлыг аваад явах чадамж байдаг. Гэхдээ манай нам дутагдалгүй болсон уу гэвэл бас үгүй. Засч, залруулаад, зайлсхийгээд явах дутагдал байна уу гэвэл байна. Би намынхандаа хэлж байгаа. Сонгуулиар ялна гэх юм. Сонгуулийн дараа энэ улсыг яаж авч явахаа сайн бодох хэрэгтэй шүү гэж. Ардчилсан намынхан асар их өр тавьсан, эдийн засаг нь гүн хямралд орсон улс болгосон. Тоосгыг нураах амархан өрөх хэцүү гэдэг. Манай нам яллаа гэхэд маш хүнд улсыг хүлээж авах болно. Харин Ардчилсан нам гарвал хямрал улам даамжирна. Энэ үндсэн асуултад ард түмэн сонгуулиар хариулт өгөх болоод байна.”

Эх сурвалж: www.news.mn


Ж.Оджаргал, М-Си-Эс группын Захирлуудын зөвлөлийн дарга

“УИХ  экспортын нэг “цонх”-ны бодлого баталсан. Тэр нь экспортын түүхий эдэд нэмүү өртөг шингээгээд, олон улсын зах зээлд өрсөлдөх бодлого гэж ойлгосон. Энэ дагуу манайх нүүрсийг баяжуулаад, нэмүү өртөг шингээгээд, Энэтхэг, Япон руу ч гаргаж үзсэн. Хятадын гангийн үйлдвэрүүдэд ч хүргэж байна. Ухаа худаг брэндийг бий болгоод, олон улсад таниулаад явж байгаа. Гэтэл хажууханд одоо хүртэл нүүрсийг түүхийгээр нь зарж байна. Энийг л буруу гэж УИХ бодлого батласан байлгүй дээ? Бид аль болох гуравдагч зах зээлд хүргэх гэж ажиллаж байхад хажууханд нүүрсээ түүхийгээр нь өгөөд, тэрнийг нь хятадууд Өвөр Монголын Баяннуур аймагт байгаа Хятадын угаах үйлдвэрүүдэд аваачаад, тэндэхийн муу нүүрстэй хольж баяжуулаад, цаашаагаа Тавантолгойн нүүрс гээд зарж байна. Хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого явуулаад байгаа юм уу, ямар учиртай юм бэ? Энд хэн хожоод байна гэхээр, төрийн Эрдэнэс Тавантолгой компани лав хожоогүй, Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь маш хямд зараад, салбарынхаа өрсөлдөх чадварыг унагаад байна.  .”

Эх сурвалж: МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна