Дэлхийн шинэ архитектурыг зурахуй

2016 оны 4 сарын 26

-Хожимдсон уй гашуу, улс төрийн итгэл үнэмшил нийлэхээрээ агуу хүч болж гарч ирж байгааг бид харж байна-

АНУ-ын улс төр, нийгэм судлаач польш гаралтай Збигнев Бжезинский саяхан дараах нийтлэлийг хэвлүүлжээ.

Одоо цагийн бодит зүйл гэвэл АНУ улс төр, эдийн засаг, батлан хамгаалах харилцааны хувьд дэлхийн хамгийн хүчтэй гүрэн байсан ч өнөөгийн бүс нутгийн геополитикийн тэнцвэр алдагдсан үед АНУ энэ байр сууриа алдаж байна. Гэхдээ АНУ-ын энэ байр суурийг эзлэх улс одоогоор алга байна.

Өөр нэг бодит зүйл гэвэл ОХУ эзэнт гүрний мөхөл, төвлөрсөн удирдлагаас салах сүүлчийн оролдлогоо хийж байна. Энэ үйл явц амар биш, гэхдээ энэ нь ОХУ Европын тэргүүлэх гүрэн болох боломжоо алдчихсан гэсэн үг биш. Яг одоо үнэндээ ОХУ урьдын хөршүүдээ өөрөөсөө түлхсээр байна, тухайлбал, Украин, Беларус, Гүрж. Балти хавийн орнуудын тухай бүүр ярилтгүй.

Гурав дахь бодит зүйл гэвэл Хятад улс удаан боловч тогтвортой хөгжин дээшилж, АНУ-ын өрсөлдөгч болох магадлал өндөр байна. Гэсэн ч одоогоор Хятад АНУ-ыг илтээр турхирахгүй байгаа. Батлан хамгаалах салбарт Хятад улс орчин цагийн зэвсэглэлээр дэвшил хийхээр тэмүүлж, үүний зэрэгцээ тэнгисийн цэргийн хүчээ тэлэхгүй ч байнга хүчирхэгжүүлж байна.

Дөрөв дэх бодит зүйл гэвэл Европ тив тэргүүлэх хүчин байхаа больсон, цаашид ч байж чадахгүй болов уу. Гэхдээ дэлхий нийтийн цаашдын хөгжил дэвшилд заналхийлсэн, хүн төрөлхтөний ирээдүйтэй холбогдсон зөрчилдөөнт асуудлаарх яриа хэлэлцээнд Европ тив санаачилгыг гартаа аван голлох үүрэг гүйцэтгэж чадна. Түүнээс гадна Европ тив улс төр, соёлын хувьд АНУ-ын холбоотон бөгөөд тэдний ашиг сонирхлыг Ойрхи Дорнодод илэрхийлдэг, мөн НАТО дахь гуйвшгүй байр суурь нь Орос-Украины хямралыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэнэ.

Тав дахь бодит зүйл гэвэл өмнө нь том гүрний колони байсан лалын шашинт орнуудад гарч буй улс төрийн идэвх нь өмнө нь гол төлөв Европын орнуудын зүгээс хүчээр дарж байсан үйл явцын хожимдсон илрэл юм. Энэ үйл явц хэдийгээр хожуу ил гарч байгаа ч шашны гүн сэдэлтэй, үзэн ядалт агуулсан, өнөөгийн дэлхий нийтийн эсрэг лалын ертөнцийг тэр чигээр нь нэгтгэж байна. Ингэхдээ тус шашин дотор түүхийн явцад бий болсон бүлгүүдийн хуваагдлын улмаас барууны ертөнцөд огт хамаагүй түүхэн гомдол, шүүмжийг тээж байна.

Энэхүү таван бодит зүйлийг нэгтгэн авч үзээд АНУ нь дэлхийн шинэ дэглэмийн эсрэг санаачилгыг гартаа авч, лалын ертөнцөд бий болоод байгаа хүчирхийллийг одоо байгаа дэглэмийг өөрчлөхгүйгээр хадгалж болно гэж ойлгогдож байна. Дээр өгүүлсэн таван бодит зүйл тус бүрийг бодолцон дэлхийн шинэ архитектурыг бид зурж болно.

Нэгдүгээрт, Хэрвээ АНУ олон түвшний оролцогч, тэр дундаа ОХУ, БНХАУ-ыг оролцуулсан эвсэл байгуулж чадвал Ойрхи Дорнодод бий болоод байгаа хүчирхийллийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадна. Ингэхийн тулд юун түрүүн ОХУ хөрш орнууддаа зэвсэг хэрэглэх явдлыг зогсоох хэрэгтэй, тухайлбал, Украин, Гүрж, Балти хавийн орнууд. Харин Хятад улсын хувиа бодсон эс үйлдэл нь түүний дэлхийн тавцанд тоглох гэсэн амбицаа хэрэгжүүлэхэд улс төр, эдийн засгийн хувьд ашиггүй болгож байгааг ухаарах хэрэгтэй. Энэ хоёр улс энэхүү ойрын зайн харалган бодлогоо өөрчилж, арай ухаалаг болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, ОХУ түүхэндээ анх удаа шахам жинхэнэ үндэстэн-улс болон гарч ирж байгаа нь маш чухал бөгөөд үүнийг ойшоон хүлээж авах ёстой. Хаант Орос бол олон үндэстний улс байсан. Улс төрийн ямар ч идэвхгүй хүн амтай энэ хаант улс дэлхийн нэгдүгээр дайны үеэс оршин тогтнохоо больж, түүний орыг сайн дураар нэгдсэн гэх Бүгд найрамдах улсуудын /СССР/ холбоо эзэлсэн ч үнэн хэрэг дээрээ эрх мэдэлд оросуудад байсан. 1991 онд таран бутарсан ЗХУ-ын суурин дээр орос үндэстэн давамгайлсан ОХУ байгуулагдаж, хуучин Бүгд найрамдах улсууд нь өөр өөрийн үндэстэн давамгайлсан тусгаар улсууд болсон. Эдгээр тусгаар тогтносон улсууд одоо тусгаар байдлаа улам баталгаажуулж байгаа бөгөөд тэдний энэ эрмэлзлэлийг Хятад болоод барууныхан өөр өөрсдийнхөөр, гэхдээ Орост хохиролтойгоор ашиглаж байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын ирээдүй Европын холбооны нөлөө бүхий, гол улс болж чадах уу, үгүй гэдгээс хамаарч байна. Хэрвээ тэгж чадахгүй бол Хятадын зүгээс ирж байгаа газар нутаг, хүн амын дарамтын эсрэг ОХУ зогсож чадахгүйд хүрнэ, өнгөрсөн жил “тэгш бус” гэсэн шалтгаанаар Бээжин-Москвагийн хооронд зурагдсан гэрээг цуцалсан шиг.

Гуравдугаарт, Хятадын эдийн засгийн эрчимтэй өсч байгаа ч улс төрийн хүрээнд ч мөн богино хугацаанд амжилтад хүрэх гэсэн эрмэлзэл нь нийгмийн өөр асуудлуудыг үүсгэж болохыг ойлгон хүлээж авч, тэвчээртэй байхыг шаардаж байна. Хятадын хувьд улс төрийн хамгийн сайн ирээдүй нь АНУ-тай түншлэх. Дэлхий нийтийн болоод байгаа Ойрхи Дорнодын асуудлуудад хамтран оролцож намжаахгүй бол энэ асуудал Оросын өмнөд, зүүн өмнөд хэсэг, Хятадын баруун хэсэгт халдварлах магадлалтай. Хятадын орон нутгийн геополитикийн сонирхлыг харахад Төв Азийн шинэ залуу лалын улсуудтай, мөн Их Британийн колони байсан баруун Азийн орнууд тухайлбал, Пакистан, Ирантай /Ираны хүч, эдийн засгийн боломж, стратегийн зорилгыг бодолцсон нь мэдээж/ харилцаагаа гүнзгийрүүлж байна. Гэвч энэ эрмэлзэл нь Хятад-АНУ-ын харилцан тохиролцсоны хүрээнд байх ёстой.

Дөрөвдүгээрт, Ойрхи Дорнодод энх тайван, аюулгүй тогтвортой байдлыг бий болгох нь зэвсэгт бүлэглэлүүдийн эзэлсэн газар нутагтаа дур зоргоороо авирлаж байгааг зогсоосны дараа л яригдах асуудал. Харин зэвсэгт бүлэглүүдийн харгис хэрцгий авирыг зөвхөн АНУ, Хятад, ОХУ-ын хамтарсан эвсэл тухайн бүс нутгийн уламжлалт улсууд болох Иран, Турк, Израиль, Египеттэй хүч хавсарч байж л зогсоож чадна. Энэ жагсаалтад Саудын Араб байх ёстой боловч тус улсын Ваххабитийн үзлийг дэмжиж байгаа нь энэ улс бүс нутагтаа гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн найдварыг бөхөөж байгаа юм. Гэсэн мөртлөө Саудын Араб улс орондоо орчин үежих их давалгааг өрнүүлээд байгаа.

Тавдугаарт, зарим улс оронд хүн ам нь ихээхэн улстөржиж байгаад анхаарал хандуулах учиртай. Удаан хугацааны турш улс төрийн дарамт шахалтад байсан иргэдийн улс төрийн идэвх Ойрхи Дорнод дахь экстремистуудын нөлөөгөөр гэнэт сэргээд байгааг хэлэх хэрэгтэй. Одоо Ойрхи Дорнодод үүсээд байгаа үйл явц ихээхэн цар хүрээтэй үзэгдлийн өрнөл байж болох магадлалтай. Магадгүй энэ үйл явц Африк, Азид, тэр байтугай Америк тивийн колоничлолоос өмнөх үндэстнүүдийн дунд ч гарч болохыг үгүйсгэхгүй. Сүүлийн хоёр зуун жилийн турш баруун Европоос олз омог хайн очсон колоничлогдын гарт үрэгдсэн Латин Америк тивийн уугуул иргэдийн тоо дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын гарт амь үрэгдсэн хүний тоотой бараг дүйж очно. Хожимдсон уй гашуу, улс төрийн итгэл үнэмшил нийлэхээрээ агуу хүч болж гарч ирж байгааг бид харж байна. Өшөө авах гэдэг зүйл зөвхөн Ойрхи Дорнодоор хязгаарлагдахгүй, түүнээс ч хальж мэдэхээр байна.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна