Зэвсэглэлийн өрсөлдөөн шинэ дайныг ёрлов уу?

2016 оны 4 сарын 26

Куала Лумпурт өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын худалдааны бага хуралд Зүүн Өмнөд Азийн орнууд идэвхтэй оролцлоо. Тэд армийн хүчээ сүүлийн үеийн дэвшилтэт байлдааны онгоцоор шинэчлэхээр олон тэрбум ам.долларыг цацсан сурагтай. Бүс нутаг даяар эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсвийн хатуу бодлого баримталж байгаа боловч батлан хамгаалахын хүчээ нэмэгдүүлэхэд мөнгө хаяж байна. Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх эзэмшлээ хамгаалахын тулд тэд Хятадын эсрэг “дайнд” бэлдэж буй хэрэг юм.

Бээжин нь Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэртэй усан бүсийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласан бөгөөд энэ бүсэд олон улсын далайн тээврийн гол замууд болон нефть, байгалийн хийн нөөцөөр баялаг бүлэг арлууд багтжээ. Энэ нь Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайван зэрэг улстай газар нутгийн маргааныг өдөөсөн аж.

Өмнөд Солонгосын FA-50 байлдааны онгоц

Гэвч дэлхийд цэрэг армийн хүчээр хоёрдугаарт бичигддэг Хятад улстай тэмцэлдэхэд хөрш орнуудад хангалттай зэвсэглэл байхгүй. Тухайлбал, Малайз улс олон жил хойшлуулсны эцэст 1990-ээд оны Миг-29 байлдааны онгоцнуудаа саяхнаас л шинэчлэхээр болов. Малайз нь армийн хүчээ 18 шинэ байлдааны онгоцоор сэлбэхээр 2.5 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл яригдаж байгаа аж. Вьетнам улс “Saab”, “Dassault” загварын 12 байлдааны онгоц худалдан авахаар Швед, Францын талтай ярилцаж байна. Түүнчлэн Вьетнам эртний худалдааны хамтрагч ОХУ-аас хэдэн ширхэг СУ-35 байлдааны онгоц авах төлөвлөгөөтэй байгаа аж. Тайланд “Northrop F-5”, “Lockheed Martin F-1”, “Saab Gripen” зэрэг байлдааны онгоцоор зэвсэглэлээ сайжруулахаар төлөвлөжээ. Харин Индонез улсын хувьд ОХУ-ын “СУ-35” болон “СУ-30” байлдааны онгоцуудыг авах сонирхолтой байгаа аж.

Үүний зэрэгцээ Хятадын армийн хүчирхэгжилт Японы цэргийн амбицийг өдөөсөн гэж болно. “Сенкаку” арлын маргаанаас үүдэн Хятадын талаас Японы агаарын орон зайг зөрчих нь явдал өнгөрсөн жилийнхээс 23 хувиар нэмэгдсэн гэдгийг Токиогийн албаныхан мэдэгджээ. Япон улс өнгөрсөн онд энх тайванч үндсэн хуулиндаа өөрчлөлт хийснээр гадаадад цэргийн ажиллагаа явуулах боломжтой болсон юм. Техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улс батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд өөрийн нөөц бололцоонд тулгуурлаж байна. Тухайлбал, Японд өнгөрсөн долоо хоногт “X-2” нэртэй байлдааны онгоц анхны нислэгээ үйлдэв. Уг онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэсэн боловч 2018 оныг хүртэл туршилтын нислэгийг үргэлжлүүлэх гэнэ.

Японы “X-2” байлдааны онгоц

Мицубиши хүнд үйлдвэрт бүтээсэн уг байлдааны онгоц нь радарт илрэхгүй нисэх чадалтай аж. Радараас бултах чадалтай нисэх онгоцтой орон Японоос гадна ердөө гурав байдаг аж. Гэхдээ Японы өөрийгөө хамгаалах нисэх хүчинд 190 орчим хуучны “F-15” байлдааны онгоц байдаг аж. Хуучирсан зэвсэглэлээ Япон “F-22” байлдааны онгоцоор шинэчлэхээр зорьж байгаа гэнэ. Японы засгийн газар дөрвөн жил дараалан батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, 44 тэрбум ам.долларыг баталсан юм.

Хятадын байгуулахаар зорьж буй хиймэл арлын бааз

Хятад нь маргаантай тэнгисийн бүсэд хиймэл арал байгуулах болсноор Азийн хөрш орнууд болон АНУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан. Гэвч бүтээн байгуулалтын ажил одоо ч үргэлжилж байна. Үүгээр ч зогсохгүй хэдийнэ байгуулсан хиймэл арал дээр нисэх онгоц газардуулах туршилт хийсэн юм. Хятад нь хиймэл арал дээр цэргийн бааз байгуулах замаар маргаантай бүс дэх хяналтаа батжуулахыг зорьж байгаа аж.

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна