Хөдөөгийн улс төр

2016 оны 4 сарын 26

Сэтгүүлч:
Д.Цээпилмаа

Улс төр гэх холбоо үгийн утга уг нь эерэг баймаар. Улстөрч гэхээр төр улс, түмэн олныхоо төлөө хичээн зүтгэдэг түшээдийн нэр байлтай. Гэтэл сүүлийн үед хүмүүс дээрх холбоо үгнээс үнэндээ жийрхэх болжээ. Тэр тэгж улс төр хийлээ, тийм сэдвийг улс төр болголоо гэхийн дээр улстөрчид гэхээр сайд дарга нар болоод тэднийг дагалдсан салбадай нар л бодогдох болж. Сайдынхаа алхам бүрийг дүрсжүүлэн буулгаж, фэйсбүүк, твиттерт жиргэдэг сүрэг хүмүүс байна шүү, цаана чинь. Улс төрийнхний дэглэсэн алиа хошин үзэгдэл ганц Улаанбаатарт ч өрнөөд байгаа биш, улс даяар халдварлажээ. Улс төр дагасан, хоёр намын гишүүд, дэмжигчдийн найруулан тавьсан хошин шогийн үзэгдлийг хаанаас ч үзэж болох нь.

Ховдын уран илтгэгчид

Ховд нутаг олон үндэстний өлгий гэдгээрээ онцлог. 13 ястан, угсаатнаас бүрддэг Ховд нутгийнхныг үхрийн бөөртэй зүйрлэм. Олон ястныг эвсэг, найрсгаар адил тэнцүү авч явахад хүндрэлтэй юү гэсэн асуултад Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Харин ч эсрэгээрээ шүү. Ястан угсаатнууд бусдаасаа дор орохгүйн тулд илүү их хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргадаг. Тэд эрт босч байхад бид унтах ёсгүй л гэнэ шүү дээ. Тэр хэрээр  аймаг маань илүү хөгжиж байна” гэсэн юм. Үнэхээр ч Ховд хөгжжээ. Хөгжсөн хэрээр нь шагнаж урамшуулав. 43 тэртээ тус аймагт олгосон Хөдөлмөрийн хүндэт медаль “Алтангадас”-тай ижилсэв. Үүнд талархан, баярлан уухайлах нэг хэсэг байхад Сүхбаатарын одонд ч хууртахгүй шүү гэх хүмүүс бас байж л байх юм.

Олны үг ортой гэдэгчлэн үнэн бодит амьдралын жаргал зовлонг сайд дарга нарыг “олдсон” дээр нь дуулгах хүмүүс цөөнгүй таарсан. Хөдөөд ажлын байр олдохгүйн зовлон их. Түүн дотроо 35-40 насны ид хийж бүтээх үедээ яваа хүмүүсийг нам, хүчнээр ялган ажлаас халах, солих явдал их байгаад иргэд дургүй байна. Ажилгүйдэл дагалдсан бас нэгэн зовлон ядуурал. Хөдөлмөрийн насныхан нь ажилгүй болохоор хөгшдийнхөө тэтгэврийн мөнгөөр аж төрж буй өрх айл олон байгааг тэд онцолж байна. Бүр “Ерөнхий сайдаа та хөгшдийн тэтгэврийг бага биш гэж бодож байгаа бол миний тэтгэврээр нэг сар амьдраад үзээч. Харин би таны цалинг авъя” гэх хүн ч таарсан юм. Хотод ч түгээмэл тохиолддог ажилгүйдэл, ядуурлыг Монгол Ардын намын угшилтай гэх хэдэн нөхөд улс төр болгон хошин шог дэглэсэн ч төдий л амжилт олоогүй.

Бас чиг бурууг буруу гэж, зөвийг зөвөөр нь ялгачихдаг шударга иргэд Ховдод цөөнгүй. Алтанхуяг гэгч бүсгүй сүүлийн дөрвөн жилд Ховд нутаг ойр хожид байгаагүйгээр хөгжиж, дэгжиж байгааг дуулгаад “Хэдийгээр энэ Засаг дарга намайг ажлаас халсан ч хийсэн бүхэнд чинь талархаж байгаа шүү” гэсэн юм. Ховд нутгийнхан ажилсаг, хичээнгүйн хэрээр бас хэлэмгий сүрхий хүмүүс байдаг ажээ. Үнэндээ Ерөнхийлөгч ч ганцаараа уран илтгэгч биш юм байна гэж эрхгүй бодогдсон шүү. Хийхээ ч хийчихдэг, хэлэхээ ч хэлчихдэг тэр дайчин чанар Алтайн уулсын ноён шовх орой, хадан хавцал хясааны тусгал байхын дээр Алтайн сүрлэг уулс дундаа аж төрөх гэж хамтдаа зүтгэж, хамтдаа тэмцэж сурснаараа говь, талын налгар түмнээс ялгаатай юм билээ. Увс, Ховдынхон амь нэгтэй, ар өврөөсөө бие биенээ татаж чангааж явдаг нь уулсын дундах хамтач амьдралаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй.

Өр тооцсон улс төр

Баруун хязгаар нутгийн иргэдийн хөндөн тавьсан нэгэн асуулт бол Монгол Улсын өр. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл цацагдаж, шинээр төрж буй хүүхэд бүрт өр тооцон мэдэгдсэн нь үнэндээ иргэдэд түгшүүр төрүүлжээ. “Тэр өрийг бид төлөх үү” гэсэн асуулт  ч тавьж байв. Үүний хариултыг ерөнхий сайд Ч.Сайханбилэг дараах байдлаар өгч байна.

-Өнөөдөр өрөөр далайлган улс төр хийж буй нам хүчин бий. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр зээлийн хэмжээ 21.6 тэрбум ам.доллар. Ам.долларыг  2000 төгрөгөөр тооцон бодвол энэ нь 42 их наяд төгрөг. Үүнийг гурван сая хүн амдаа хуваагаад нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг гэж гаргаад байгаа. Үнэндээ өрийг хүн амын тоонд хуваан тооцдог жишиг дэлхий нийтэд байхгүй.

Дэлхийн улс орнууд дундаас өр ихтэй нь ганц Монгол Улс биш. Тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 220-230 хувьтай тэнцэх хэмжээний өртэй улсын тоонд Япон, Грек орж байгаа бол ДНБ-ий 150 хувиас илүү хэмжээний өртэй АНУ, Итали, Испани  зэрэг 10 улс,  ДНБ-тэй дүйцэхүйц өртэй Сингапур, Франц, Канад гэх мэт 13 улс, ДНБ-ий 80 хувьтай тэнцэх хэмжээний өртэй Герман, Бразил, Энэтхэг зэрэг 26 улс, ДНБ-ий тал /50-55/ хувьтай тэнцэх хэмжээний өртэй Монгол, Хятад, Польш зэрэг 35 улс орон байгаа.

Зарим хүний тайлбарлаад байгаачлан тооцвол АНУ-ын нэг иргэн 142 мянган  ам.долларын өртэй болж таарна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 242 сая төгрөг. Сингапурын нэг иргэн 6,5 сая ам.доллар буюу 13 тэрбум төгрөгийн өртэй байх жишээтэй. Гадаадын аль ч улс оронд өр зээлийг  иргэдэд хуваан тооцдог жишиг байхгүй. Ямар ч улс орон иргэдээрээ гадаад өр зээлийг төлүүлдэггүй юм. Тэгээд ч гадаад өр гэдэгт гаднаас авсан бүх төрлийн зээл, тэр дундаа хувийн хэвшлийнхний зээл, Засгийн газрын баталгаа хүртэл багтаж байдаг. Дээр өгүүлсэн 21.6 тэрбум ам.долларын 4.9 тэрбум нь Засгийн газрын авсан зээл, 1.3 тэрбум гаруй нь Засгийн газрын баталгаа байгаа. Бид өөрсдийн тавьсан өр зээлийг бүрэн төлж чадна. Бонд зээлийн 28 хувийг суурь бүтцэд зориулсан бол 72 хувийг үйлдвэрлэлийн төслүүд руу зээл болгон олгосон гэсэн мэдээллийг өгч байлаа. Увс, Ховд, Баян-Өлгийд болсон иргэдийн уулзалтыг өр тооцсон улс төрийн талаарх энэхүү тайлбар дагалдаж байлаа.

Алс буйд дахь амьдралын өртөг

Алс баруун хязгаар гэдэг үг  хүчтэй сонсдох болжээ. Хязгаар нутгийн амьдрал хязгаарынх гэхээргүй дөтөлж байна. Тэнд аж төрж буй иргэдийн амьдралын өртөг хотын биднээс ялгаа алга. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийгээд шатахууны үнэ өртөг төвийн бүсийнхтэй ижил болжээ. Шатахуун дундаас хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 бензин л гэхэд 2090 төгрөгөөс 1540 төгрөг болтлоо буурчээ. Энэ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд эергээр нөлөөлж байгааг иргэд хэлж байна. Харин эрчим хүчний үнэ ханшид анхаарч, дотоод эх үүсвэрээр хангахад анхаарах цаг ирснийг баруун бүсийнхэн дуулгалаа. ОХУ-аас импортолж буй эрчим хүчний үнэ ханшийг бууруулах хамгийн дөт зам энэ ажээ. Увс аймгийн төв Улаангомд өнгөрсөн дөрвөн жилд 660 гаруй айл өрх орон сууцтай болсны дээр Улаангомд Дулааны станц барьсан болохоор асуудал харьцангуй бага. Харин Өлгийн зарим айл өрхийн халаалт дулаан тааруу, зутруухан өвөлжихийн дээр зарим орон сууцанд халуун ус түгээдэггүйгээс иргэд бойлуур тавьж, цахилгааны төлбөрт  сард 40-50 мянган төгрөг төлж байгаа гэнэ.

Түүнчлэн Улаангомын иргэд маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг ирэх 2017 онд тэмдэглэх гэж байгаагаа дуулгаад 100 насны нь ойгоор маршалаа цагаатгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сум сүүлийн зурган жилийн турш аймагтаа тэргүүлж байгааг хэлээд “Манай сумыг улсын тэргүүний сумаар өргөмжлөхөд буруудахгүй. Дагалдан ирэх 100 сая төгрөг Засгийн газрын хувьд их мөнгө биш шүү дээ” хэмээн шахамдуулан өгүүлсэн хүн бол Бөхмөрөн сумын 2 дугаар багийн иргэн Эрдэнээ байсан юм. Улаанбаатарын утаанаас зугтаж Улаангомдоо аж төрж байна гэх хүн ч таарсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна