Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцно

2016 оны 4 сарын 26

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог болж байгаа юм. Тухайлбал, Эрүүгийн хуульд бэлгийн дарамт гэсэн тусгай бүлэг оруулсан бөгөөд энэ дунд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгажээ.

Учир нь, ажлын байрны бэлгийн дарамт өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдсэн дүр зураг гарсан байна. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, “Ажлын байрны бэлгийн дарамт” ТББ-аас өнгөрсөн онд 700 гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэж гарсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 95 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртсөн гэх хариу гарчээ. Судалгаанаас үзэхэд доод тал нь 20, дээд тал нь 50 насныхан ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэж гарчээ. Хамгийн харамсалтай нь бэлгийн дарамтад ордог ч зохих газарт ихэнхдээ ханддаггүй байна.

Уг нь ажлын байрны бэлгийн дарамтыг Жендэрийн эрх тэгш байдлын хуулиар зохицуулж, хариуцлага тооцдог. Гэвч иргэдийн хувьд энэ талын эрх зүйн мэдлэг дутмагаас үүдэн таслан зогсоох, хариуцлага тооцох талаар дурсдаг ч үгүй гэж байлаа. Тухайлбал, гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэх судалгаа гарсан байхад нөгөө талдаа Хүний эрхийн үндэсний комисст гурван жилийн хугацаанд 20 гаруй л гомдол ирснээс үүнийг харж болно гэлээ.

Уг нь энэ тохиолдолд хяналт тавих асуудлыг хуульчлаад дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэвч Жендэрийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүйгээс энэ асуудал буурахгүй байгааг хэлж байна. Тиймээс нэн тэргүүнд ажлын байрны бэлгийн дарамтаас хэрхэн сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хандаж, хэрхэн зохицуулахаас эхлээд энэ асуудлыг албан байгууллага бүрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлагатай болжээ.

Энэ талын мэргэжилтнүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэсэг оруулахаар хэлэлцэж байгаа гэлээ. Ингэсэн тохиолдолд албан байгууллага бүр ажиллагсадтай хийх хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд энэ асуудлыг тусгаж өгөх юм.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна