Ерөнхий сайдын ноён нуруу хаана очиж хугарах вэ?

2016 оны 4 сарын 26

Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр дуу шуутайхан өнгөрлөө. ЦЕГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай Хууль зүйн сайдын саналд Ерөнхий сайд тохирсон хариуг нь барьжээ. Түүгээр ч барахгүй “Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” гэж хөөж туусан ч сурагтай. Цаадах нь уурандаа багтарч Засгийн газрын хуралдааныг орхисон юм байх. Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг нарыг Р.Чингисийн асуудлаар маргаж байх зуурт Хууль зүйн яамны үүдэнд хэсэг иргэд ЦЕГ-ын даргыг чөлөөлөхийг эсэргүүцэн жагсчээ. Иргэн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайдаас илүү “нийгмийн мэдрэмжтэй” ажгуу. Харин “шударга ёсны шинэчлэл”-ийг эхлүүлсэн “А” намын нөхөд энэ талаар таг чиг. Одоо гагц Ерөнхий сайдын ноён нуруу хаана очиж хугарахыг харж хүлээх л үлдлээ.

Мөн өдөр УИХ дахь хоёр намын бүлэг /АН, МАН/ өнгөрөгч 2015 онд баталсан Сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухайЦэцийн дунд суудлын дүгнэлтийг дуун дээр хүлээгээд авчихав. Хуулиа батлаад хагас жил ч болоогүй УИХ ядахдаа л их суудлын шийдвэр гарахыг хүлээсэн бол илүү шударга болох байлаа. Ингээд харахаар манай хууль тогтоогч нар гай, гамшигт үзээд байдаг Цэцээсээ ч дор ой санамжтай болж таарах нь.

Намын жагсаалтаар сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэц яг дөрвөн жилийн одоогийнхоосоо огт өөр дүгнэлт гаргаж байсныг энд сануулах хэрэгтэй болов уу. 2011 онын арванхоёрдугаар сарын 15-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэд гомдол гаргаж, жагсаалтын 28 /хуулийн 4.9/ болон тойрогт сонгогдож чадаагүй гишүүдийг авсан саналаар нь эрэмбэлж намын жагсаалт руу гулсуулах /49.1.5/ заалт Үндсэн хуульд заасан иргэдийн шууд сонгох эрхийг зөрчиж байгаа талаар Цэцэд ханджээ. Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцээд 2012 оны тавдугаар сарын 2-ны 03 тоот тогтоолоороо жагсаалтын 28-ыг хэвээр үлдээж, тойрогт сонгогдож чадаагүй нэр дэвшигчид авсан саналаараа эрэмбэлэгдэн намын жагсаалт руу гулсахыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн байна. Гэсэн ч тухайн үеийн УИХ баталсан хуулиа хамгаалахын тулд Цэцтэй хоёр ч удаа маргаад эцэст нь их суудлын тогтоол гарснаар УИХ-ын сонгуулийн тухай хуулиас “гулсдаг” заалтыг хассан байдаг.

Гэтэл өнөөдөр Цэц яагаад өмнө гаргасан шийдвэрээсээ ухарч, хуулийн ижил заалтыг хоёр өөрөөр тайлбарлан хоёр өөр стандарт тогтоох болсон нь гайхалтай. Цэцийн шийдвэр гайхалтай байгаад зогсохгүй түүнийг дуун дээр хүлээж авч, баталсан хуулиа үгүйсгэж байгаа УИХ бүр илүү гайхалтай.

2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулийн 7.1-д “Сонгуулийн тогтолцоо нь хувь тэнцүүлсэн /пропорциональ/ болон олонхийн /мажоритари/ байж болно”, 120.3-д “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгулиар, 28-иас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлсэн сонгуулиар сонгоно” гэсэн байна. Иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай нар дээрх хоёр заалтыг Үндсэн хуулийн 3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ,

21.2. УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилд нэг удаа сонгоно,

21.3. УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн иргэнийг сонгоно,

23.1. УИХ-ын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.

Цэц уг асуудлыг дөрөвдүгээр сарын 22-ны /өнгөрсөн баасан гариг/ хуралдаанаараа хэлэлцээд “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1, 120.3 заалтууд Үндсэн хуулийн 21.2, 21.3 заалтыг зөрчсөн байна” хэмээн үзэж түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ иргэн Д.Банзрагчийн гаргасан мэдээллийн дагуу “Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед УБХ-ын гишүүд, хууль батлагч нарын гаргасан байр суурийг үндэслэл болголоо” гэсэн байна.

Иргэн Д.Банзрагч Цэцэд тайлбар гаргахдаа “Би Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутат хүн. УБХ-ын 1991 оны аравдугаар сарын 15-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байх явцад зарим гишүүдийн зүгээс “хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё” гэдэг санал гарсан. Гэтэл гишүүдийн олонхи “Бид нам төвтэй төрөөр 70 жил удирдууллаа. Иргэний ардчилсан нийгэм, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж байгаа тул хүлээн авахгүй” гэсэн эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг няцааж чадалгүйгээр энэ санал унасан” хэмээн тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, Цэц зөвхөн иргэн Д.Банзрагчийн гаргасан мэдээллийн дагуу тухайн үед Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн хэлсэн байр суурь дээр тулгуурлан дүгнэлтээ гаргасан байна.

Үндсэн хуулийн үзэл

Монгол Улсын Үндсэн хууль ердөө зургаан бүлэгтэй.

Нэг. Монгол Улсын бүрэн эрхт байдал

Хоёр. Хүний эрх эрх чөлөө

Гурав. Монгол Улсын төрийн байгуулал

Дөрөв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь

Тав. Үндсэн хуулийн цэц:

Зургаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг: “Монгол Улсын төрийн байгуулал” хэсэгт төрийн байгуулал буюу засаглалын эрх мэдлийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдэл гэж хуваагаад нэг бүрчлэн эрх, үүргийг нь хуваарилсан байдаг. Маргаж буй 21.2-21.3 заалтуудад УИХ-ын гишүүнийг хэн сонгох вэ, хэнийг сонгох вэ гэдгийг л хуульчилсан. 21.2. УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үнсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилд нэг удаа сонгоно, 21.3. УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонгоно... гээд. Түүнээс биш сонгуулийн ямар нэг тогтолцооны тухай энд байхгүй. Угаасаа сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа хийдэг өөр ямар ч улс орон дэлхийд байдаггүй юм гэсэн. Хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд парламент нь, манайхаар УИХ нь үүнийг шийддэг. 1992 оны сонгуулиас хойших бүх сонгууль ингэж, УИХ-ын баталсан хуулиар сонгуулиа явуулж ирсэн. Сонгуулийнхаа тогтолцоог шийдэж чадахгүй юм бол парламент гэж байгаад, Сонгуулийн хууль батлаад ч яах юм. Тиймээс 25 жилийн өмнө Үндсэн хууль баталсан нөхөд “нам сонгохыг дэмжихгүй” гэсэн нь мажоритарийг дэмжсэн хэрэг биш, харин ч сонгуулийн тогтолцоог Үндсэн хууль руу оруулахыг дэмжээгүй хэрэг. Үндсэн хууль бол угаасаа зарчим, үзэл санаа. Түүнийг хууль болгож хэрэглэх нь хууль тогтоогчийн эрх, үүрэг.

Үндсэн хуульд заасан “шууд сонгох эрх” гэдэг нь сонгогч саналаа хэн нэгнээр төлөөлүүлэх биш, өөрөө сонгуульд оролцож саналаа өгөхийг хэлдэг гэдгийг бид сүүлийн дөрвөн жил ярьж байна. Доржийн өмнөөс Дондог саналаа өгөхгүй, Дулмаагийн сонгуулийн эрхийг Дугар зээлдэхгүй гэдэг үүднээс “шууд сонгох” гэж хуульчилсан хэрэг. Түүнээс биш Дондог өөрөө намаа сонгоно уу, хүнээ сонгоно уу падлийгүй. Тэр нь Үндсэн хуульд харшлахгүй. Хувь тэнцүүлсэн сонгууль буюу намыг сонгох нь Үндсэн хуульд харшлахгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн /УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэр битгий хэл Цэцийн таван гишүүн ч мэднэ. Гэвч Цэц гэдэг Үндсэн хуулийн биш, улс төрийн байгууллага болоод хувирчихсан юм байна. Улс төрийн захиалгатай шийдвэрүүдийг гаргасаар байна. Аль ч сонгуулийн тогтолцоонд сайн, муу тал бий. Гэхдээ үүнийг Цэц шийддэггүй. УИХ өөрөө, хууль тогтоогчид өөрсдөө сонгуулиас сонгуульд засч сайжруулаад явах ёстой.

Уг нь бол хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоо парламентын ардчиллыг бэхжүүлдэг, улс төрийн намыг төлөвшүүлдэг, иргэдийн санал парламентад хамгийн зөвөөр тусдаг гэдэг. Мажоритари тойрогт 51 хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-д сонгогдож, үлдсэн 49 хувийн санал ямар ч төлөөлөлгүй парламентын гадна орхигддог бол хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогч нэг бүрийн санал парламентад тусгалаа олдог. Сонгогчдын ердөө 10 хувийн санал авсан нам парламентад бүлэг байгуулах хэмжээний суудалтай болчихно. Жалга жалгаараа талцаж хэрэлдэхийн оронд нэгдмэл улс орны нийтлэг эрх ашгийн тухай ярина гэсэн үг. Хэрвээ жагсаалтын 28 байхгүй болж, жижиг мажоритари луугаа буцвал эргээд жалгын нэг “ханлиг”-уудтай болох биз. Ингэвэл хоёр намын “Оли”-нууд л хамгийн их хожино доо. Л.Энх-Амгалан шиг тойргийнхоо оюутнуудын тал хувийг сургалтын төлбөрөөр авлигадчихсан нөхөртэй хэн яаж өрсөлдөх юм. Төсвийн шинэчлэл ч “будаа” болно, тойргийн мөнгөөр сонгогчдоо авлигадсан феодал маягийн төр нь эргээд тогтох нь л дээ.

Сүүлийн үед намын нэрээр сонгогдсон, жагсаалтын ард нуугдсан авилгач, луйварчны тухай их ярьдаг, тийм болохоор намыг сонгох нь буруу гэж бичдэг болсон байна. Үнэхээр л авилгач, хулгайчаа жагсаалтын ард нуугаад, намын нэрээр хаацайлаад байгаа нь үнэн бол намтай нь л тооцоо бодоход болно шүү дээ. Намын жагсаалт муу байгаа нь тухайн намын асуудал болохоос биш сонгуулийн тогтолцоо үүнд хамаагүй. Намын нэр хүнд уналаа, нам муухай л гэнэ. Хэзээ тэгтлээ сайн сайхан нэртэй мандаад байсан юм, нам үргэлж л муу нэртэй байсан. Ганцхан их муу юу, арай бага муу юу гэдэг л ялгаа бий. Ялангуяа эрх барьсан намын хувьд хамгийн олон “муухай”-тай байж таарна. Ажил хийсэн хүнээс алдаа олдож л таарна. Энэ утгаараа “АН-ыг 76 тойрогт хуваахад талаас илүү нь үсрээд ойчно, дөрвөн жил боорлуулсан нөхдөөс юу үлдэх юм. Дээр нь нам дотроо ч хагаралтай...” МАН-ын хувьд ийм тооцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Цэцийн шийдвэр МАН-ын талд гарчээ гэсэн үг.

Нөгөө талаас АН-д ч гэсэн “Дөрвөн жил эрх барьчихлаа, хийх юмаа хийчихлээ. Тойрогт очоод алаад өгнө өө” гэж яваа нөхөд ч байдаг л юм шиг билээ. Тэгээд хямралын буруу, хөгжөөгүйн буруу, ер буруу болгоныг “нам” гэдэг хоосон уутанд чихэж орхиод дан дангаараа, амь амиараа уснаас хуурай гарах гэж үхэн хатан зүтгэж байгаа юм уу даа.

Эцсийн эцэст нам гэж юм байж, тэнд хүмүүс үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэж, тэндээс бодлого бий болж, түүгээрээ хоорондоо өрсөлддөг. Хэрэв үгүй юм бол энэ хоёр нам эхлээд өөрсдийгөө татан буулгачих хэрэгтэй шүү дээ, сайн дураараа...

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна