ТББХ Цэцийн шийдвэрийг хүлээн авав

2016 оны 4 сарын 26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар “Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ. Энэ нь УИХ-ын 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой дүгнэлт юм.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал хураалтад оролцох боломжгүй байгаагаа илэрхийлж, картаа сугалав. Тэрээр “2012 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэц намын жагсаалттай холбоотой иргэний гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэдэг шийдвэр гаргасан байтлаа дөрвөн жилийн дараа түүнтэй нь агуулга нэг гомдол ирэхээр “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргаж байгаа нь хэр зарчимтай юм бэ. Үүнийг л би болохгүй гээд байгаа юм хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Батчимэг нар санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Санал хураалтад нийт 11 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэдэг кноп дарсан бол УИХ-ын гишүүн А.Бакей, Л.Цог, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Г.Батхүү, С.Баярцогт, Ц.Дашдорж нар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн дэмжиж кноп дарлаа.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна