“Исламын улс” бүлэглэлийн 500 сая бэлэн долларыг устгажээ

2016 оны 4 сарын 26

Пентагоны мэдээлснээр сар бүр агаарын цохилтоор 1,5-2 мянган алан хядагчийг устгаж байгаа ажээ.


© AP Photo/U.S. Air Force, Shawn Nickel

АНУ-ын тэргүүлсэн Алан хядах ажиллагааны эсрэг олон улсын  эвсэл “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн 500 сая долларын бэлэн мөнгөний агуулахыг устгасан тухай “USA Today” сонин Баасан гаригийн дугаартаа бичжээ.

АНУ-ын толгойлсон эвсэл “Исламын улс” бүлэглэлийн 500 сая долларын бэлэн мөнгийг үнс болгож, нефтийн хулгайн наймааны орлогыг нь бараг 50 хувиар багасгасан тухай Пентагоны төлөөлөгчийн мэдээнээс эшлэн уг сонин бичжээ. “Тагнуулын алба устгасан мөнгөний хэмжээг 200 саяас 1,3 тэрбумын хооронд гэж байгаа ч ер нь 500 сая нь үнэнд ойр тоо юм” хэмээн эх сурвалж тайлбарлажээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр ИУ бүлэглэл нь санхүүгийн байдал хүндэрснээс  хяналтын нутаг дэвсгэртээ шатахууны хэрэглээнд хязгаарлалт тавьж, дайчдад төлөх мөнгөө хоёр дахин бууруулжээ. Мөн түүний хэлсгээр эвслийн агаарын цохилтын улмаас сар бүр бүлэгллийн 1,5-2 мянган дайчин амь үрэгдэж байгаа ажээ. Гэсэн ч долоо хоног тутам тэд хүний хохирлынхоо 25 хувийг гадаадын сайн дурынхнаар нөхөж чадаж байгаа ажээ.

ИУ эзэлсэн газар нутгийнхаа “туршлагагүй залуу хүмүүсийг олноор элсүүлэх бодлого барих болсон” хэмээн Пентагоны төлөөлөгч хэллээ. “Энэ бүлэглэлд мөнгөгүйгээр тулалдах үнэнч дайчдын тоо хангалттай бий” гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

ИУ бүлэглэлийн нефтийн олборлолт 30 хувиар буурчээ. Сонинд тэмдэглэснээр, өнгөрсөн намар алан хядагчид сар бүр 80-90 мянган ам.долларын орлого олж байсны 50 хувь нь нефтийн хулгайн наймаанаас орж ирсэн байлаа.

Өнөөдөр хэт даврагчид  агаарын цохилтын хохирлоо багасгахын тулд “партизаны тактик” хэрэглэн  жижиг бүлэг болон шилжих хөдөлгөөнд орсон гэнэ. Хэт  даврагчдын  удирдлага өөрийн нийслэлээр зарласан Ракка хотод саяхан уулзсаны дараа “цэргийнхээ бүтцийг эргэн харж зарим хээрийн отрядын дарга нараа сольсноос гадна  хэд хэдэн хүнийг цаазалжээ.

"Цаазлагдсан дарга нар нь Сирийн зүүн нутгийнхан байсан” гэж Пентагон мэдэгдсэн. Гэсэн ч хэт даврагчид бүс нутагт ялагдаагүй, ноцтой аюул болсон хэвээр байгаа, Европын орнуудад  халдлага үйлдэх  аюул байсаар байна хэмээн уг сонинд тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна