Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016 оны 4 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


Засгийн газрын ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 25-нд болов. Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

“Сайн оюутан” хөтөлбөр батлагдаж, оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа.

Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

Энэ тохиолдолд зээлдэгчид дараах шаардлага тавигдана

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барина

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төсөлд Засгийн гарын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150 нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэх боломжтой юм.

Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж 20 автобус угсарч, үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход Гаалийн албан татварт 385 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 449 сая төгрөг төлсөн буюу нийт 834 сая төгрөгийн татвар төлсөн байна. Хагас иж бүрдлийн нөхцөлөөр импортлон оруулж буй эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6,1 тэрбум төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсад бий болгож, тухайн салбарын мэдлэгтэй боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэд технологи, инновоацийг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэх юм.

Олон улсын монголч эрдэмтдийн XI хурал болно

Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөр ахлуулан байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулан ажиллахыг үүрэг болголоо.

Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад байдгийн баталгаа болсоор иржээ. Өмнөх хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор тооцож байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барина

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцын түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6,8 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0,0 хувь байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

Улаанбурхан өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна.

Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд  эрчимт эмчилгээний тасагт эмчүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна.

Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын 3 аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн ажиллуулж байна.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулсан байна.

Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Дэмпингийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар гарна гэж тооцож байна.

Худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бүрдэнэ.

Хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдана.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж байна.


Товч мэдээ

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Монгол наадам үндэсний спорт цогцолборын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгалаа.

  • Япон улсын Күмамото, Оита мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсан. Япон улсад буцалтгүй тусламж болгон 50 мянган ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

  • Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг болосвруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна