Буйрт эндсэн залуусын цогцсыг хайж байна

2016 оны 4 сарын 26

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурт загасчилж явсан залуус эндсэн хэрэг саяхан /2016.04. 24/ гарсан. Хэрэг явдлын талаар Халхгол сумын Засаг даргын орлогч н.Энхтайванаас тодрууллаа.

-Залуучууд тэр өдөр загасчлахаар явсан гэх юм. Загас барихын тулд нутгийн удирдлагуудаас зөвшөөрөл авдаг уу?

- 25,26,31,32 насны дөрвөн залуу Буйр нуурт загасчилж яваад өөд болсон харамсалтай хэрэг гарлаа. Тэд загасчлах зөвшөөрөл аваагүй. Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн гурван сарын хугацаанд загас агнахыг хориглодог. Дөрөвдүгээр сарын 20-доос загасны үржлийн үе эхэлдэг учир хориглодог юм. Тиймээс бидэнд хандаад ч зөвшөөрөл өгөхгүй байсан.

-Залуучууд нутгийн иргэд байсан уу?

-Нэг нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат  иргэн байсан. Гурав нь манай  Халхгол сумын Ялалт багийн  хүмүүс.

-Нутгийн иргэд болохоор хэзээ загасчлах, хэрхэн загас агнах талаар туршлагатай баймаар. Урьд нь энэ мэт хэрэг гарч байсан уу. Иргэдэд сэрэмжлүүлж хэлэх зүйл бий юү?

-Өөд болсон хүмүүсийг загасанд явсан өдөр их салхитай байсан юм билээ. Тиймээс завь хөмөрч, залуус живсэн бололтой. Нуурын мөс цөмөрснөөс  нэлээд хэдэн хүн эндсэн хэрэг арваад жилийн өмнө гарч байсан. Ганц нэгээрээ эндэх тохиолдол мэр сэр гардаг. Олноороо зэрэг эндсэн хэрэг төдий л олон тохиодоггүй юм. Харамсалтай байна. Иргэдэд хандан байгаль цаг уурын араншин, хорио цээр зэрэг зүйлсийг дагаж мөрдөж байхыг л сануулъя даа.

-Живсэн хүмүүсийн цогцос олдсон уу?

-Одоогоор нэг хүний цогцсыг олоод байгаа. Гурван хүний цогцос олдоогүй. Аймгаас онцгой байдлын газрын аврагч нар ирж ажиллаж байна. Нуур  бүрэн хайлж дуусаагүй, нуурын ус маш хүйтэн байгаагаас аврагч нар ажлаа хийхэд  хүндрэлтэй байна.  Нуурын мөс эргээсээ 100-300 метр орчимд л хайлсан, бусад газартаа хөлдүү болон зайрмаг байгаа.

-Нэг холбогдсон дээрээ тодруулан асуухад хаврын цагт тал хээр нутагт гал түймрийн аюул нүүрлэдэг гэмтэй. Танай сумын нутагт хуурайшилт их байна уу?

-Энэ жилийн хувьд харьцангуй чийглэг  байгаа. Өвөл цас их орсон. Одоогоор цас дөнгөж хайлаад байгаа болохоор хуурайших нь бага байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна