Оюуны өмчөө хамгаалуулах тал дээр сэтгүүлчид хойрго ханддаг

2016 оны 4 сарын 26

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Оюуны өмчийг хэрхэн зохицуулах вэ гэх асуудал ялангуяа интернет орчин, цахим мэдээллийг хэрэгслүүдэд үүсдэг. Энэ талаар Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбаттай ярилцлаа.


-Монголын цахим сайтууд оюуны өмчийн үүднээс авч үзэхэд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-Монголд 4500 орчим вэб сайт бий. Энэ дундаас 100 гаруй нь л өдөр тутам, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь бүр хаягдчихсан, нөгөө хэсэг нь долоо хоногтоо, сардаа нэг, хаа ганц шинэчлэгддэг сайтууд ч байна. Вэб сайтууд хэлбэр хийц, загвар дизайныхаа хувьд маш сайжирсан.

Харин оюуны өмчийг дээдлэх тал дээр учир дутагдалтай байна. Гэхдээ нэг үеэ бодвол энэ зөрчил харьцангуй багассан. Хоёр жилийн өмнө л гэхэд зөвхөн оюуны өмчийн хулгайн асуудлаар нэг өдөрт 10, 20-иор нь сайтыг хаах санал тавиад шийдвэрлүүлж байлаа. Энэ үеийг бодвол оюуны өмчийн зөрчил багассан. Гэхдээ л бусдын материалыг зөвшөөрөлгүй тавьдаг, хуулбарладаг асуудал оршсоор л байна.

-Энэ асуудлыг сүүлийн хэдэн жил эрчимтэй ярьж, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж байна. Гэсэн ч бүрэн арилах хүртэл яагаа ч үгүй байгаа мэт. Энэ жилийн хувьд  ямар ажил хийх вэ?

-Өнөөдөр мэдээллийн технологи амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах шаардлага нэн тэргүүнд тулгамдсан асуудал. Бид энэ жил ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан Оюуны өмчийн салбарын хамтарсан уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр интернет орчин дахь зохиогчийн эрхийн асуудлыг онцлон авч хэлэлцэнэ. Мөн Москва хотод Монгол, ОХУ, БНСУ тэргүүтэй олон улсын уулзалтын үеэр ч энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

Яг одоогоор Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, Патентын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлдэж байна. Төсөлд салбарынхан болоод иргэний нийгмийнхний саналыг ч тусгаж байгаа. Үүнд, интернет орчин дахь оюуны бүтээлд тавих зохицуулалтыг нэг мөр болгох асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд Засгийн газарт өргөн барихаар төлөвлөөд байна.

-Жишээ нь сэтгүүлчдийн хэлэлцүүлэг, шүүмж өрнүүлдэг хэд хэдэн фэйсбүүк групп бий. Тэнд мэдээ, материал хуулбарласан жишээг сэтгүүлчид өдөр бүр гаргаж тавьдаг. Гэвч зохих байгууллагад нь хандъя гэхээр “манайх мэдэхгүй”, “манайх мэдэхгүй” гээд хаана хэлэхээ мэддэггүй гэдэг л дээ. Энэ тохиолдолд хаана, хэрхэн хандаж, арга хэмжээ авахуулах ёстой вэ?

-Бусдын бүтээл, материалыг хуулж тавина гэдэг хууль бус үйлдэл. Нэгдүгээрт, цахим сайтууд ийм төрлийн хулгайг заавал хийх ёстой юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Хөдөлмөрөө шингээгээд материал бэлтгээд нийтэлдэг. Гэтэл тэрийг нь зүв зүгээр сууж байгаад хуулаад, өөрийн сайтдаа байрлуулдаг. Ийм хууль бус үйлдлийг заавал хийх ёстой юм уу гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, цахим сайтынхан өөрсдөө нэг ам бүл. Ах дүү нар хоорондоо нэгнийхээ юмыг хулгайлаад байвал ямар байх вэ. Энэ байдал дээр л дүгнэлт хийх хэрэгтэй.

Бүр ингээд дийлдэхгүй, ёс зүйн үүднээс шийдвэрлэж болдоггүй юм бол хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн зөрчлөөс нь шалтгаалаад захиргааны болон эрүү, иргэний арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор заасан. Гол нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, эсвэл сэтгүүлчид гомдлоо гаргаж хойноос нь явах хэрэгтэй.

-Гомдол гаргах ёстойгоо мэддэг л дээ. Гол нь хаана хандах вэ. Бас энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Нэн тэргүүнд Оюуны өмчийн газарт баримттайгаар гомдлоо гаргах хэрэгтэй. Ингээд тухайн зөрчлөөс шалтгаалаад хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн олон хэлбэр байгаа учраас тийм хариуцлага хүлээлгэнэ гээд хавтгайруулаад хэлэх боломжгүй байна л даа.

-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан Оюуны өмчийн газарт энэ асуудлаар хэр ханддаг вэ?

-Сэтгүүлчид өөрсдөө ийм гомдол бараг гаргадаггүй. Энэ нь сэтгүүлчид өөрөө өөрийнхөө төлөө явдаггүйтэй холбоотой байх. Хүний эрхийн төлөө явдаг мөртлөө өөрийнхөө төлөө явдаггүй.

Уг нь манайд ирсэн гомдлын дагуу цахим сайтуудад арга хэмжээ авах, хаах саналыг бид гаргадаг. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага зөрчлөө сайн ойлгодог гэдгийг ч мөн хэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд техник, технологийн хомсдолоос үүддэг, нөгөө хэсэг нь бүдүүлгээр шууд хуулах тохиолдол ч байна. Би дахиад хэлье. Нэг айлын хүүхдүүд нөгөөхөөсөө хулгай хийнэ гэдэг хамгийн ичгэвтэр асуудал.

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ зөрчил харьцангуй багассан. Нэг хэсэг хулгайн кино, нэвтрүүлгийг ихээр байрлуулдаг байсан. Энэ үетэй харьцуулахад цахим сайтуудын оюуны өмчийн зөрчил багассан гэж болно.

-Цахим сайтуудыг хаах санал гаргадаг юм байна. Ихэвчлэн ямар шалтгаанаар хаадаг вэ. Зөвхөн оюуны өмчийн асуудлаар уу?

-Ерөөсөө л оюуны өмчийн зөрчлөөс үүдээд сайтуудыг хаах санал гаргадаг. Гомдол ирсэн тохиолдолд л нягталж үзээд хаах хүртэл арга хэмжээ авах саналыг гаргадаг гэсэн үг.

Эцсийн дүндээ асуудлыг шийдвэрлэх гарц нь эрхзүйн зохицуулалт, хариуцлагаас урьтаад хэвлэл, мэдээллийн эзэд, ажиллагсдын ухамсар мэднэ. Хоёрдугаарт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө гомдлоо тавьж, өөрийнхөө төлөө явахад л байгаа юм.

Төрийн хяналт шалгалтын хуулийн үндсэн агуулгаар бол бид урьдчилж, хянаж, цагдаж болохгүй. Үүнээс гадна тэр хэдэн мянган вэб сайтыг хянаад, уншаад сууж байх боломж бидэнд байхгүй. Тиймээс оюуны өмч, бүтээлийн эзэд нь өөрсдөө зохих газартаа хандаж нь чухал. Мөн энэ талын сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд хүргэх сургалт, хэлэлцүүлгийг ч хиймээр байгаа юм. Сая Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран гурван удаагийн семинар зохион байгууллаа. Энэ үеэр телевиз, интернет орчин гээд бүх л асуудлыг хамруулж хэлэлцсэн. Цаашид ч энэ асуудлыг эрхзүйн зохицуулалтаар илүү баталгаажуулах асуудал яригдаж байна.

-Хоёр ч хуулийг шинэчлэн найруулж байгаа гэлээ. Цахим хэвлэл дэх энэ асуудлыг хэр зохицуулж өгч байгаа вэ?

-Цахим орчин дахь оюуны өмчийн талаарх зохицуулалтыг дэлгэрүүлж байна.

-Яг ямар асуудлыг нарийвчлан зохицуулж өгсөн бэ?

-Төслийн талаар нарийвчлан хэлээд хэрэггүй байх. Урьдчилсан байдлаар ийм байна гээд хэлчихдэг, дараа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөгдөж ч болно. Тиймээс тухай бүрд нь мэдээлсэн дээр болов уу.

Ямартай ч интернет орчинд бусдын бүтээлийг ашиглаж буй эрх бүхий хүмүүс зөвшөөрөл авдаг хатуу дэглэмийг хуульчилна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Интернетийн гэрээ гэж бий. Энэ гэрээнд зааснаар провайдер нь тухайн мэдээлэл, контентынхоо эрхзүйн зөрчилгүй байдлыг хариуцна гэж байдаг. Бид ч гэсэн энэ зарчмаар цаашид явна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна