Хамгийн муу хувилбар

2016 оны 4 сарын 26

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж, Р.Гончигдорж, М.Батчимэг, Су.Батболд, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нарын таван гишүүн Цэцийн дүгнэлтийн эсрэг, А.Бакей, Л.Цог, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Г.Батхүү, С.Баярцогт, Ц.Дашдорж нарын долоон гишүүн дэмжсэн санал өгснөөр уг асуудал УИХ-ын нэгдсэн хуралдаан руу өнөө, маргаашгүй орж ирэхээр болов. Ирэх зургадугаар сарын 29-нд товлогдсон сонгуулийн хугацаагаа бодсон ч УИХ энэ асуудлыг яаралтай хэлэлцэн, эцэслэхээс өөр арга замгүй.

Даваа гаригт /2016.04.25/ парламентад суудалтай хоёр том намын бүлэг Цэцийн шийдвэрийг хэлэлцэж, УИХ дахь АН, МАН-ын бүлгээс дэмжихээр шийдсэн нь энэ удаагийн сонгууль холимог системээр биш мажоритар хувилбараар явагдах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.

Ардчилсан намын 35 кноп дээр Монгол Ардын намын 26-г нэмбэл Үндсэн хуулийн Цэцээс    өнгөрсөн Баасан гаригт гаргасан “2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...”  гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэснийг тус, тус зөрчсөн” гэх  шийдвэр УИХ-аар “ногоон гэрэл”-ээр дэмжигдэх нь тодорхой болж байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд өдийд Үндсэн хуулийн Цэц намын жагсаалттай холбоотой иргэний гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэдэг шийдвэр гаргасан талаар өнгөрсөн өдрүүдэд сонин хэвлэлээр хангалттай бичигдсэн болохоор энэ сэдвийг энд дахин хөндөх нь илүүц. Учир нь, УИХ дахь АН, МАН гэсэн хоёр том намын захиалгаар “ажилласан” Үндсэн хуулийн Цэцэд Ц.Нямдорж гишүүний хэлснээр далд тооцоо, шалтаг, шалтгаан байгаа байлгүй.

АН-ын дарга З.Энхболд өмнө нь  абсолют мажоритарын дутагдалтай талыг  “Тойрог жижигрэх тусам мөнгөөр сонгогддог хүмүүсийн тоо УИХ-д олширно. Тойрог жижгэрүүлээд өг, тэрбум төгрөг хаяад гараад ирнэ гэдэг шаардлагыг тавьж, уул уурхайгаар баяжсан МАН-ын хүмүүсийн хүүхэд олноороо орж ирэх төлөвтэй байна. Тэр бол боломжтой, МАН-ынхны тогтолцоогоор. Одоогийн 76-г янз бүрээр л хочлоод байна. Харин ирэх 76 бол хэн нь хэдэн төгрөгтэйгөөрөө өрсөлддөг тэрбумтнуудын клуб болно” гэж дүгнэж байсан байх юм. Харин өнөөдөр тэрбээр өчигдрийн ярьсныхаа яг эсрэгээр нь комбинаци зохион байгуулаад явж байна.

Харин Цэцийн энэхүү захиалгат шийдвэрээр сонгуулийг жижигчилсэн мажоритор системээр явуулбал улс орны хөгжилд ямархуу хор уршиг дагуулах вэ гэдэг нэгдүгээрт тавигдах асуудал. Яг энэ асуултад хариулах гээд үзье.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад  26 жил өнгөрч буй бөгөөд 1990 оноос хойш дөрөв, дөрвөн жилийн мөчлөгөөр нь тоолбол монголчууд өдгөө найм дахь удаагаа чөлөөт ардчилсан сонгуулийг явуулах гэж байна.

Энэ талаар нийтлэлч Б.Баабар “Сонгуулийн тогтолцооноос дүн хамаарна” гэх нийтлэлдээ “Парламентын сонгуулийн системээс хамгийн олон давтагдсан нь абсолют мажоритар хэлбэр юм. 1996, 2000, 2004 онуудад энэ системээр сонгууль явуулжээ. Абсолют мажоритар систем нь хоёр намын тогтолцоо юм. Голлох хоёр намын хооронд л тэмцээн болох ба гурав дахь улс төрийн хүчинд бараг шаанс байдаггүй. 1996 онд бие даагч О.Дашбалбар, 2000 онд бие даагч Л.Гүндалай, Эх орон нам, Иргэний Зориг нам тус бүр нэг суудал, 2004 онд Иргэний зориг, Бүгд найрамдах нам тус болгон нэг суудал авч байлаа” хэмээн дурдсан бий.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам болоод Монгол Ардын намын бүлэг дээр яригдаж, хоёр том намын дунд тохиролцох хэлбэрээр өрнөж байгаа  абсолют мажоритар системээр буюу жижигчилсэн 76 тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар болбол  улсыг 76 тойрогт хуваагаад тус бүрээс нь нэг хүнийг сонгоно гэсэн үг.

Энэ бол намыг гэхээсээ илүү хүнийг сонгох хувилбар.  Аймаг, сумандаа ах дүү, танил тал олонтой, хөрөнгө мөнгө ихтэй бол “бор халзан хонь” ч сонгогдоод гараад ирэх боломжтой. Үүний хамгийн том гажиг нь 2000 оны сонгуулиар илэрсэн билээ. Тухайн үед Монгол Ардын нам /МАХН/ нийт сонгогчдын дөнгөн данган 52 хувийн саналаар УИХ-ын 97 хувь буюу 76 суудлын 72-ыг нь авч байсан гашуун түүх байдаг. Хэрэв Ардчилсан нам энэ гашуун түүхээ мартчихаагүй бол шүү дээ.  Өнгөрсөн 2012 оны сонгуулийг зохион байгуулсан холимог системээр тооцсон бол 52 хувийн санал авсан МАН тэр үед УИХ-д 40 суудалтай байх ёстой байлаа.  Яг энэ асуудлаар өнөөгийн УИХ дарга, АН-ын дарга З.Энхболд 2011 онд “Хэрэв 2000 онд пропорциональ тогтолцоогоор санал хураасан бол УИХ-ын суудлын харьцаа МАХН-ынх /тухайн үеийн/ 40, үлдсэн 36 нь бусад намд хуваарилагдах байсан. Тэгэхээр тогтолцооны гажгаас болоод МАХН/МАН/ 2000-2004 оны хооронд сөрөг хүчингүйгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Тэр үед нэг ч сайн зүйл Монгол Улсад авчраагүй. Авлига хээль, хахууль цэцэглэсэн, ХЗХ дампуурсан гээд болохгүй юм зөндөө болсон” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан нь баримт болон үлджээ.

Тэрбээр  абсолют мажоритарын дутагдалтай талыг  “Тойрог жижигрэх тусам мөнгөөр сонгогддог хүмүүсийн тоо УИХ-д олширно. Тойрог жижгэрүүлээд өг, тэрбум төгрөг хаяад гараад ирнэ гэдэг шаардлагыг тавьж, уул уурхайгаар баяжсан МАН-ын хүмүүсийн хүүхэд олноороо орж ирэх төлөвтэй байна. Тэр бол боломжтой, МАН-ынхны тогтолцоогоор. Одоогийн 76-г янз бүрээр л хочлоод байна. Харин ирэх 76 бол хэн нь хэдэн төгрөгтэйгөөрөө өрсөлддөг тэрбумтнуудын клуб болно” гэж дүгнэж байсан байх юм. Харин өнөөдөр тэрбээр өчигдрийн ярьсныхаа яг эсрэгээр нь комбинаци зохион байгуулаад явж байна.

Өчигдөр УИХ дахь АН, МАН-ын төлөөллүүд бүлгийн хурлын дараа уулзаж, жагсаалтын 28-ыг хөдөөд 14, хотод 14-өөр нь хуваах, чингэхдээ томсгосон 26 тойргоор биш жижигчилсэн 76 тойргоор сонгуулийг явуулахаар тохиролцсон гэх мессеж саарал ордноос тархаж байна.  

Дээр нь Сонгуулийн хуулиар нэр дэвшигчид 18 хоногт сурталчилгаагаа явуулна гэхээр ёстой л гартаа таарсан, нүдэнд танил төдий “бор халзан хонио” гаргаад ирэх магадлалтай гэсэн үг.  Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө үед санхүүгийн боломж бололцоогоо бодоод мажоритор хувилбарыг УИХ дэмжлээ гэхэд урт удаан хугацаандаа энэ нь сайн бодлого болж чадахгүй юм. Улс орны урт хугацааны тогтвортой хөгжлөө бодвол шинэ оны өмнө баталсан Сонгуулийн хуульд хуульчилж өгсөн холимог системээр сонгуулийг явуулах нь Монгол Улсын эрх ашиг талаасаа илүү дээр хувилбар. Сайн хүн сонгосноор сайн бодлого хэрэгждэггүй. Сайн бодлоготой намыг сонгосноор улс орон хөгждөг. Энгийнээр харахад Архангайн сайн хүн, Баянхонгорын сайн хүнтэй нэгдээд нэг бодлого хэрэгжүүлдэггүй гэдгийг өнгөрсөн 26 жил дэх зургаан удаагийн сонгуулийн систем маань бидэнд нотлоод өгчихсөн шүү дээ.

 Жалга болгоноос нэг, нэг “бор халзан хонь”, эсвэл олигарх гараад ирлээ гэхэд тогтвортой, урт хугацааны төрийн бодлого байхгүй болох аюултай. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам нийт 3405 километр хатуу хучилттай авто зам барьж, долоон аймгийг Улаанбаатартай холбосон нь АН-ын гавъяа гэхээсээ сонгуулийн системдээ байсан болов уу.  Бүгдээрээ сум, жалга болгондоо цэцэрлэг, сургууль барих гээд зүтгэчихээгүй, намын бодлогоо хэрэгжүүлэх талаар АН анхаарч ажилласны үр дүн. Бүгд жалга, довоо бодсон бол ийм том бүтээн байгуулалт өрнөхгүй байсан гэж мөрийцсөн ч алдахгүй. Тэр тусмаа эдийн засгийн хямралаас гарах Монголын гарц бол сайн хүнээс илүүтэйгээр сайн бодлого, сайн тогтолцоо. Сайн бодлогыг гаргаж чадах хамгийн сайн хувилбар нь өнөөхөндөө 48:28 буюу холимог систем.

Сонгогчдын саналыг хамгийн их гээдэг нь мажоритар, гээдэггүй нь пропорциональ систем гэж улстөрчид дүгнэдэг. Абсолют мажоритар нь  сонгочид цөөхөн учраас тэднийг гурил, будаахнаар хуурахад амархан. Хэрэв холимог системээр сонгууль явуулбал  ард түмний 50 хувийн саналыг авсан тохиолдолд УИХ-ын 50, мажоритороор бол 72 суудлыг авна гэсэн үг.

 Нөгөө талаар энэ парламентыг эрх зүйн чадамж муутай хэмээн шүүмжилдэг атлаа хэрэв жижиг 76 тойргоор сонгуулийг явуулбал З.Энхболдын парламентаас илүү сул парламент бий болох аюултай. Энэ тохиолдолд дараагийн Засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй юм. МАН-ын засаглалын үед улс оронд яагаад томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй вэ гэж үү?!  Яагаад гэвэл бүгд жалга, довоо "сайн" шарлуулсан болохоор тэр.  Тэр тохиолдолд сайн бодлого, сайн тогтолцоо байх ямар боломжгүй гэсэн үг. Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжил, улс орны эрх ашиг талаасаа бодвол УИХ хамгийн муу хувилбарыг сонгохоор наймаалцаж суугаа нь даанч харамсмаар.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна