MH17 онгоцны сүйрлийн талаар баримтат кино хийжээ

2016 оны 4 сарын 26

Их Британийн BBC телевиз  баримтат кинондоо Малайзын иргэнийн агаарын тээврийн MH17 онгоцыг Украины сөнөөгч онгоц унагасан тухай баримтыг дэлгэнэ гэсэн мэдээллийг үгүйсгэжээ.

“BBC” мэдэгдэлдээ “манай баримтат киноны талаар мушгин гуйвуулсан мэдээ гарчээ. “Хуйвалдаан: MH17-г хэн унагасан бэ?” баримтат киног бид ирэх тавдугаар сарын 3-нд телевизээр цацна. Энэхүү баримтат кинонд MH17-той холбоотой бүх таамаглалыг шинжилж авч үзсэн” гэжээ.

“BBC”-гийн дээрх мэдэгдлийн өмнө олон улсын хэвлэлүүд тус телевиз MH17 онгоцны осолд Украины сөнөөгч буруутайг нотлох баримтыг дэлгэх гэж буй талаар мэдээлэл гарсан юм.

ОХУ-ын төрийн Думын Гадаад харилцааны зөвлөлийн тэргүүн Алексей Пусков энэ талаар Твиттер хуудсандаа “Боингийг унагасан жинхэнэ үнэн илчлэгдэх гэж байна. Хуурамч баг хуулах цаг удахгүй ирнэ” гэжээ.

Харин “BBC” телевизийн төлөөлөгч хэлэхдээ удахгүй гарах баримтат кинонд Малайзын иргэний агаарын тээврийн MH17 онгоцны сүйрэлтэй холбоотой шинжээчдийн дүгнэлт, онгоцыг пуужингаар харваж унагасан тухай таамаглалуудыг  нэг бүрчлэн шинжилж үзүүлэх болно гэжээ.

Малайзын MH17 зорчигч тээврийн Боинг 777 онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд ОХУ-Украины хилийн ойролцоох үймээн самуунт Донецк мужийн нутагт осолдож, онгоцонд зорчиж явсан 298 хүнээс нэг ч хүн амьд үлдээгүй юм. Олон улсын маргааны сэдэв болсон энэ ослын шалтгааныг тогтоохоор олон улсын шинжээчдийн баг ажиллаж байгаа билээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна