Ж.Мөнхбат: Жагсаалтыг хуваах гурван хувилбар байна

2016 оны 4 сарын 26

Сэтгүүлч:
Т.Давааням

Жагсаалтаар УИХ-ын гишүүнд сонгогдох заалтыг хүчингүй болгох Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ дахь МАН, АН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэн. УИХ энэ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан нөхцөлд жагсаалтаар сонгогдох 28 мандатыг хэрхэн хуваарилах нь анхаарал татаж байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.

-Цэцийн шийдвэрийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжлээ. Хоёр том нам дэмжиж байгаа учраас цаашид дэмжигдээд явах байх. Тиймээс жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөд хэрхэн хуваах бол?

-Жагсаалтын 28 мандатыг “үгүй” болгохыг манай нам 2,3 жилийн өмнөөс ярьсан. Энэ бол нийгмийн захиалга гэж хэлж болно. Үүний эсрэг явах улстөрч, улс төрийн нам байхгүй байх. Нэгэнт Цэцийн шийдввэрийг гол хоёр нам хүлээгээд авчихсан байхад 28 жагсаалтыг мандат болгох асуудал яригдана. Гэхдээ эхлээд Цэцийн шийдвэрээ УИХ-ын чуулганаар хүлээж аваад баталгаажуулах ёстой. Үүний дараа Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтааж өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүй бол цаг хугацаа байхгүй. Учир нь, тавдугаар сарын найман гэхэд сонгуульд нэр дэвшигчид тодорсон байх хуультай. Миний бодлоор 28 жагсаалтыг мажоритар луу шилжүүлэхдээ зөвхөн хүн амын тоонд харгалзуулан хуваах нь өрөөсгөл ойлголт. Газар нутгийн хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 28 мандатын 20-ыг хөдөөд, 8-ыг хотод өгөх хувилбар байна. Энэ бол засаг захиргаа хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай нийцсэн хувилбар юм.

-Мандатыг хот хөдөөд хэрхэн хуваах талаар хоёр намын удирдлага ярилцсан байх. Ямар хувилбар дэвшүүлсэн бол. Миний сонссоноор 14 мандатыг хотод, 14 мандатыг хөдөөд гэсэн хувилбар яригдсан юм биш үү?

-Хоёр намын удирдлагын түвшинд 14 мандатыг хотод, 14 мандатыг хөдөөд гэж ярилцсан зүйл бий. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Би бол 26 тойрог 76 мандаттай томсгосон 76 гэсэн хувилбар нь зүгээр юм болов уу гэж хувь хүний үүднээс бодож байна. Монгол Улс зөвхөн хүм амаас гадна, нутаг дэвсгэрээс бүрддэг. Монгол Улсын сум, багийн иргэд чинь аюулгүй байдлын баталгаа юм. Тэр утгаараа хөдөө арай илүү өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. АН-ынхан холимог тогтолцооноос жижиг 76 руу шилжих нь тэнгэрээс газарт унасан ухралт гэж ярьдаг. Тиймээс дундын хувилбар гэж болох 26 тойрог, 76 мандаттай томсгосон хувилбар юм. 1990 оноос хойш бүх сонгууль хөдөөд 50, хотод 26 мандат олгодог байсан. Одоо бол Улаанбаатар хотод 14 мандат олгож байгаа. Үүн дээр жагсаалтыг хувааж оруулж ирсэн 14-ийг нэмэхээр 24 болоод хэтэрчих гээд байгаа биз. Тиймээс ядаж 50,26 гэсэн зарчмаар явчих юм бол хөдөө 16 мандат, хотод 12 мандат байх жишээний ойлголцоод явахад болохгүй юм байхгүй.     

-Тэгэхээр үндсэндээ жагсаалтын 28-ыг хуваах гурван хувилбар байна. Хот, хөдөөд 14, 14-өөр тэгш хуваах, хоёрдугаарт, хөдөө 16, хотод 12, гуравдугаарт, хөдөө 20, хотод найман мандат олгох гэсэн. Аль хувилбар дээр тогтох бол? 

-Тэгж ойлгож болно. Аль хувилбар дээр тогтохыг чуулганаар шийдэх байх.

-АН-ынхан нийслэл хотод илүү мандат өгөх сонирхолтой, МАН-ынхан хөдөө орон нутагт олон мандат олгох сонирхолтой байна гэж харагдаад байна?

-Улс төрийн нам эрх барьж байгаа хүчин өөрт ашигтай гэсэн хувилбараар сонгуулийн асуудалд ханддаг. Энэ бол дэлхий нийтэд бичигдээгүй хууль. Тэр зарчмаар АН-ын судалгаагаар хотод арай “дөнгүүр” санал авах байх гэсэн горьдлого байгаа байх. МАН-ынхан хөдөө орон нутагт олон санал авна гэхээс илүүтэй газар нутаг, хүн амын нягтаршил, үндэсний аюулгүй байлын зарчимтай холбоотой мандатыг хөдөө орон нутагт илүү хуваах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Үндсэндээ МАН-ынхан бол зарчим барьж байгаа тал бий.

-Сонгуулийн тухай хуулийг батлахдаа сонгууль болохоос зургаан сарын өмнө гар хүрч болохгүй гэсэн утга бүхий заалтыг гээгдүүлсэн. Энэ нь хоёр намын улс төржсөн үйлдэл гэж жижиг намуудын төлөөлөл шүүмжилж байна?

-Сонгуулийн хууль маш хариуцлагагүй хууль болсон. Тэрхүү заалтыг гадна үлдээснээр сонгуулийн хуульд гурван удаа гар хүрэх гэсэн оролдлого гарлаа. Энэ зүйлийг цаашид анхаарах ёстой. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна