Өндөр технологи шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ

2016 оны 4 сарын 26

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Худалдааны тухай хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн бүтээгдэхүүн дээр тогтож байгааг өөрчлөх зорилготойгоор Засгийн газар Худалдааны тухай хууль, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Эдгээр хуулийн зорилго нь өндөр технологи шингэсэн өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад чиглэх аж. Тодруулж хэлбэл, өндөр технологи шингэсэн, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах үйлдвэр нь Засгийн газрын тусгай сангаас дэмжлэг авах эрх зүйн зохицуулалт энэ хуулиар бий болох юм байна.

Ийм бодлого барьснаар импортоос хэт хамааралтай эдийн засгийн бүтцээ засаж авч, нөгөө талдаа бусад улс орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадах экспортын эцсийн бүтээгдэхүүн дэлхий зах зээлд гарна гэж харж буй аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төр бүх юм руу орох нь буруу. Буруу юм аа гэдгийг өнгөрч буй дөрвөн жил харууллаа. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр 4 их наяд төгрөгийг хэдхэн үйлдвэрт тараасан. Үйлдвэртэй болж, ард иргэдийн амьжиргаа сайжирсан нь хаа байна. Үүний оронд хувийн хэвшлүүдээ татварын бодлогоор дамжуулж дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тусгай сан байгуулахаар эх үүсвэр шаардлагатай болно. Тэр эх үүсвэрээ хаанаас бий болгох юм бэ. Төсөвт байхгүй шүү дээ” гэж байлаа.

Сангийн сайд Б.Болор “УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг баталсан учраас 2017 оны төсөв дээр ачаалал болж ирнэ. Одоо бол санд зориулж гаргах хөрөнгийн эх үүсвэр байхгүй” гэсэн тайлбар хийв.

Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэмж Засгийн газрын тусгай сан байгуулах нь гэж буруу ойлгоод байна. Байгаа сангийнхаа үйл ажиллагааг зөвхөн өндөр технологи шингэсэн, өрсөлдөх чадвартай экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт чиглүүлье гэж байгаа юм. Урт хугацааны бодлого нь батлагдчихсан. Одоо энэ хуультай зэрэгцээд Худалдааны тухай хууль батлагдана. Бүх зүйл цогцоороо явах ёстой” гэсэн хариулт өгөв.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар худалдааны харилцааг олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулж буй аж. Өөрөөр хэлбэл, худалдааны эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүйгээс импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл гарсаар буй юм байна. Иймээс удахгүй УИХ-аар Худалдааны тухай хууль батлагдах аж. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль мөн хэрэгжиж эхлэхээр зохицуулалт хийжээ.

Эцэст нь Байнгын хороо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан санал дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа”-г гаалийн татвараас, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа”-г нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлнө гэж заасан байна.

Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараа” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.11-д заасан барааг” гэж тодорхойлсон байдаг бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.11-т “гадаад Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг” ойлгоно гэжээ.

Гадаад улсын төрийн болон төрийн бус байгууллагаас Монгол Улсын эмнэлэг, их дээд сургуулиудад хандив, тусламжаар шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалуудыг өгдөг боловч тэдгээр нь дээрх хуулийн заалт буюу Засгийн газар хоорондын гэрээ, олон улсын буяны байгууллага байх гэсэн шаардлагад нийцдэггүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж чаддаггүй аж.

Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд нь ихэнх тохиолдолд хандив, тусламжийн бараанд ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгагадаггүйгээс өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй байдаг гэнэ. Ингэснээр гадны байгууллагын хандивласан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг авч чадахгүйд хүрдэг аж.

Түүнчлэн эмнэлэг, цэцэрлэг, сургуульд чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг гадаад улсын төрийн бус байгууллагаас хандивлах тохиолдолд тус бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан эмнэлэг, бүх шатны боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулж дээрх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Зөвхөн дор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно: …” гээд эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулж дээрх асуудлыг шийдвэрлэхээр заагаад байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болж, эмнэлгийн, бүх шатны боловсролын, соёлын, биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагууд хандив, тусламжаа хугацаанд нь авах боломж бүрдэх аж.

Гурав дахь хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэг улсын Экспорт-импортын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Зээлийн нөхцөл нь нийт 1 тэрбум ам.долларын зээлийг 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй авахаар заажээ. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна.

Улмаар зээлийн хэлэлцээрийг дэмжсэн санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна