Н.Алтанхуягийг эрүүгийн хэрэгт байцаалт авахаар дуудсан гэв

2016 оны 4 сарын 26

“Авлигатай тэмцэх газар нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, тагнуулын байгууллагаас нууц гэж байцаалт авсан, одоо мэдэгдэл хийсэн гэж Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн энэ сарын 04-ний өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байцаалт авахаар зарлан дуудах хуудас ирүүлжээ...” гэх мэт  бичжээ.

Улсын ерөнхий прокурорын газраас дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, ташаа болохыг өнөөдөр мэдэгдлээ. Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж буй эрүүгийн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудсыг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өгчээ.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг мэдэгдэл хийсэн гэж шалгаж, энэ талаар байцаалт авахаар цагдаагаас дуудаагүй аж. Мөн АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсгийн шалгаж буй эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс прокурорын байгууллага татгалзлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна