Газар хөдлөлтөд нэрвэгчдэд онцгой тус хүргэв

2016 оны 4 сарын 26

Японы Кумамото мужид болсон газар хөдлөлтийн дараа оршин суугчид эвдэрч, хэмхэрсэн эд зүйлсээ цуглуулж, бүртгэж эхэлжээ.

Цайны уламжлалт ёс жаягтай Японы ямар ч айлд цайны аяга, гүц, данх, ваар хэрэглэл сэлт маш чухал эд хогшлын тоонд орно.

Хэдийгээр цайны хэрэгслийг цөмийг 100 иений дэлгүүрээс худалдаж авсан байлаа ч япон хүний хувьд маш үнэ цэнэтэй зүйлс нь ажээ. Кумамото мужид газар хөдлөлтөд нэрвэгдсэн оршин суугчдад туслах хандивын аянаас илүү сайн дурын керамикчид очиж, оршин суугчдад хайртай ваар савыг нь засч, янзалж тус болж байгаа нь хамгийн их талархал хүлээж байгаа гэнэ.

Хагарч, цуурсан ваар савыг хэвэнд нь оруулдаг Кинцуги гэх Японы уламжлалт аргыг эзэмшсэн Накамура өнгөрсөн долоо хоногт Кумамото мужид дараалан болсон газар хөдлөлтийн дараа цахим хуудсаараа хүмүүст хагарч, цуурсан ваар сав, аяга сэлтээ хаях гэж бүү яараарай хэмээн анхааруулж, засч сэлбэж өгөхийг зөвлөсөн байна. Үүний дараа тэрбээр газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужид очиж, оршин суугчдад хагарч, цуурсан ваар сав, цайны хэрэгсэл сэлтийг нь үнэ төлбөргүй засч, янзалж өгчээ. Шавар, керамик ваар савны хагарсан хэсэг нь алга болоогүй л бол засч янзалж болно гэж Накамура хэлж байна.

Кумамото мужийн оршин суугчид Накамурагаар хагарсан ваар саваа засч, янзлуулахаар гэрийнхээ гадна өлгөдөг болсон гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна