Египетийн аялал жуулчлалын орлого огцом буурчээ

2016 оны 4 сарын 26

Сэтгүүлч:
Б.Анхтуяа

Египетийн аялал жуулчлалын салбарын орлого энэ оны эхний улиралд дөнгөж 500 сая ам.доллар болжээ. Гэтэл Египет өнгөрсөн оны мөн үед 1.5 тэрбум ам.долларыг аялал жуулчлалаас олж байжээ. Оросын зорчигч тээврийн онгоц Синайн хойгт сүйрснээс хойш Египетийн аялал жуулчлалын орлого 66 хувиар буурсан аж. “Исламын улс” бүлэглэл 224 хүнтэй онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлж сүйрүүлсэн халдлага Египетийг зорих жуулчдын тоог бууруулжээ. Энэ оны эхний дөрвөн сард Египет ердөө 1.2 сая жуулчин хүлээж авчээ. Пирамидаараа алдартай Египет улсад 2010 онд 14.7 сая хүн жуулчилсан бол 2011 онд 9.8 болж буурсан байв.

Халдлагын дараа Европын агаарын тээврийн компаниуд Египетийн Шарм эль-Шейх хүрэх нислэгээ зогсоосон аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн хоёрдугаар сард итали оюутны зэрэмдлэгдсэн цогцос замын хажуугаас олдсон нь Египетийг зорих нь аюултай гэх сэтгэгдлийг жуулчдад төрүүлсэн гэж албаныхан дүгнэжээ. Итали оюутан тамлагдаж үхэхийнхээ өмнө Египетийн цагдаад баривчлагдсан байсан гэж “Reuters” агентлагт мэдээлсэн юм. Харин Египетийн аюулгүй албаныхан энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн үгүйсгэжээ.  

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна