Ж.Батзандан: “Нарантуул” захыг хаах тухай асуудлаар ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

2016 оны 4 сарын 26

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.04.26/ хэвлэлийн бага хурал зарлаж, гурван асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд, Өргөдлийн байнгын хороонд Сонгуулийн тухай хуулиас “жагсаалт” буюу пропорциональ системийг хасч өгөхийг хүссэн мянга гаруй өргөдөл ирүүлсэн гээд тус байнгын хороо нь тухай бүрт холбогдох байгууллагуудад уламжилж, шилжүүлж байсныг дуулгав.

Тэрээр, “Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц шууд бусаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасан. Миний бие Улсын Их Хурлын гишүүн, иргэдээс олон зуун, олон мянган өргөдөл хүлээн авдаг байнгын хорооны даргын хувьд Сонгуулийн тухай хуульд “жагсаалт” буюу пропорциональ системийг байхгүй болохыг дэмжиж буйгаа үүгээр илэрхийлж байна. “Жагсаалт”-ыг 2012 оны сонгуулиас хэрэглэж эхэлсэн, энэ нь хууль эрх зүйн маргаантай асуудал байсан төдийгүй “жагсаалт-аар “халхавчилж” тойрог дээр нэрээ дэвшүүлж сонгогдох боломжгүй хүмүүс төр лүү шургалдаг арга хэрэгсэл болж хувирсан. Иймд “жагсаалт” буюу пропорциональ системийг байхгүй болгох Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжинэ.

Сүүлийн өдрүүдэд сонгууль ойртож буйтай холбогдуулан нийгмийг хамарсан, иргэдийг айдаст автуулсан худал хуурмаг мэдээлэл олон нийтэд ихээр цацагдах боллоо. Тухайлбал, 1072 хувьцааг хятадуудад зарах гэж байна, “Да хүрээ”, “Нарантуул” захуудыг Ж.Батзандан гишүүн татан буулгах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ганцхан хариулт хэлэхэд, ийм зүйл байхгүй гэдгийг мэдэгдье. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо бол иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу шалгалт, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах, сонсгол хийх, холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөх, ажлын хэсэг байгуулах мөн Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх зэрэг энэ чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн.

Хувьцааны хувьд, 1072 хувьцааг чөлөөтэй хөрвөх эрхийг Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор хаасан байгаа. Тодруулбал, хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг захиран зарцуулах эрх, тэр тусмаа гадаадын хүнд зарах эрх байхгүй гэдгийг тодруулмаар байна.

“Нарантуул”, “Да хүрээ” захтай холбоотой олон зуун хүний гарын үсэгтэй өргөдөл тус байнгын хороонд ирүүлээд байна. Тухайлбал, “Нарантуул” захын галын холбоотой 250 гаруй өргөдөл байна. Өргөдлийн байнгын хороо нь галд өртсөн хүмүүсийн хохирлыг барагдуулах, тухайн үйлдлийг шалгуулахаар ажиллаж байна. Түүнээс бус “Нарантуул” захыг хаах тухай асуудлаар тус байнгын хороо ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

“Да хүрээ” захыг хүчээр буулгаж, нүүлгэх гэж байна гэсэн ташаа мэдээлэл тархаад байна. Саяхан энэ асуудлаар тухайн захын албаны хүмүүс болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тайлбар, мэдээлэл авсан юм. Тус захыг буулгах бус харин баруун болон зүүн бүсэд зэрэгцүүлэн ажиллулах, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн” гэлээ.

Ингээд сэтгчүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр хэвлэлийн бага хурал өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна