Эмч нар Эрүүгийн хуулийг эсэргүүцэн жагслаа

2016 оны 4 сарын 26

Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч нар өнөөдөр /2016.04.26/ Чингисийн талбайд жагслаа. Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан юм. Энэ заалтад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулахыг хууль баталсан эрх баригчдаас шаардаж ийнхүү жагсч байгаа гэлээ.

Жагсаал 13.00 цагт эхэлж, хууль баталсан эрх баригчдыг гарч ирж шаардлага хүлээн авахыг уриалан лоозон барин зогслоо. Зохион байгуулагч Эрүүл мэндийн эрх зүйн төвийн дэд тэргүүн Д.Энхсүлдийн хэлж буйгаар жагсаалд 6000 орчим эмч, эмнэлгийн ажилтан, оюутан оролцож байгаа гэлээ. Мөн Төв аймаг, Дорноговь тэргүүтэй 5-6 аймгаас эмч нарын төлөөлөл иржээ.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч н.Мөнхзаяа “Эмч нар санаатайгаар хүний аминд хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Эмч нарын хувьд хариуцлагаа үүрдэг, үүрсээр ч ирсэн. Гэтэл ийм хууль баталсанд эрүүл мэндийн ажилтнуудаас гадна оюутнуудын хүртэл хүсэл эрмэлзэл унасан нь харагдаж байна. Тиймээс өнцөг булан бүрээс дуу хоолойгоо хүргэхийн тулд бид ирсэн” гэлээ.

Энэ жагсаалыг зөвхөн нийслэлээс гадна аймаг бүр төв талбайдаа зохион байгуулж байгаа гэв. Тэд 14.00 цагийн орчимд Чингисийн талбайгаас хөдлөн Төрийн ордны баруун хаалганд ирж шаардлагаа хүлээлгэн өгсөн юм. Ингээд Эрүүл мэнд спортын яамны зүг хөдөллөө. Тэд шаардлагын хариуг заасан хугацаанд өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв.

Ямартай ч эмч нарын эсэргүүцэлтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд, спортын яамны /ЭМСЯ/ Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж мэдээлж байсан. Хуулийн зүйл заалтыг эмч нар сайн ойлгоогүйгээс, хянаж, шалгалгүй шууд хорих мэт ойлгож байгааг хэлж байсан. Иймээс энэ долоо хоногт хуулийнхан, эмч нараас бүрдэх томоохон хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ одоогоор яг хэзээ вэ гэдэг нь тодорхой болоогүй байгаа талаар Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.

Эмч нарын эсэргүүцэл, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн өмнөх мэдэгдлийг http://www.news.mn/r/300524, http://www.news.mn/r/300272 үзнэ үү.

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна