Иранаас авах нефтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ

2016 оны 4 сарын 26

Сэтгүүлч:
Б.Анхтуяа

Өмнөд Солонгос улс Иранаас авах түүхий нефтийн импортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгос өдөрт 115 мянган баррель түүхий нефть Иранаас импортолдог аж. 

Ираны эсрэг олон улсын хориг цуцлагдсанаар Өмнөд Солонгос улс Тегерантай хамтарсан эдийн засгийн хороог дахин идэвхжүүлж, худалдаа наймаагаа өргөжүүлэх болсон аж. Түүнчлэн ирэх тавдугаар сард ерөнхийлөгч Пак Кын Хе бизнесийн төлөөлөгчдийн хамт Иранд айлчлахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгос 2011 онд Иранаас 9.35 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тосыг импортлосон байв. Гэвч Ираны эсрэг эдийн засгийн хоригоос үүдэн импортын хэмжээ өнгөрсөн онд 2.27 тэрбум ам.доллар хүрч буурчээ. Мөн хоригоос өмнө Өмнөд Солонгос Иранаас 976 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортлож байсан бол өнгнөрсөн жил 73 сая ам.доллар болж буурсан байв.

Харин Ираны эсрэг хориг цуцлагдсанаар худалдаа наймаа сэргэж энэ оны эхний гурван сард Өмнөд Солонгос 629 сая ам.долларын газрын тос импортложээ. Эхний гурван сард импортлосон газрын тосны хэмжээ 22.85 сая баррель хүрсэн нь өнгөрсөн жилийн нийт дүнгийн тал хувьд хүрсэн байна.

Эх сурвалж: The Korea Times

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна