Хууль зүйн БХ Цэцийн шийдвэрийг хүлээн авав

2016 оны 4 сарын 26

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн 64.2 хувь нь “Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад нийт 14 гишүүн оролцсоноос ес нь Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн бол тав нь эсэргүүцэв.

УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хэмээн Цэцийн шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж нар эсэргүүцлээ. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүн “О.Баасанхүү гишүүн бид хоёроос бусад нь тойргоос сонгогдсон юм шиг пропорциональ тогтолцоог муулж ирснээс олон нийтэд зөв талыг нь ойлгуулаагүй. Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргалаа. Өмнө гаргасан эцсийн шийдвэрээ үгүйсгэсэн шийдвэр гаргалаа. УИХ-ыг алинаар нь яв гэж ийм хэрүүл тарьж байгаа юм бэ. Сонгууль болох гээд байдаг. Мажоритар 76 гишүүн сонгохоор төлөөллийн хүнээ шууд сонгодог гэсэн зарчим хаана байна. Тойрогт мөнгөтэй нь гарч ирдэг. Ийм тойрогт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх боломжгүй. 2016 оны УИХ-ын сонгууль шударга явж чадахгүй. Дахиад МАНАН гарч ирнэ. Том намууд нь луйвардаж гарч ирнэ” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Цэц дөрвөн жилийн зайтай хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь яаж ажиллаж байна вэ гэдгийнх нь нэг илрэл. Цэц үнэхээр шударга ажилладаг байсан бол гомдол гаргасан иргэнд нь “Манайх дөрвөн жилийн өмнө энэ асуудлаар шийдвэрээ гаргасан юм” гэдэг бичгийг гаргаад өгчих байсан. Гэтэл гомдлыг нь хэлэлцээд 2012 оны тавдугаар сард гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргалаа. Энэ бол яавч зөв шийдвэр биш” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна