Хууль зүйн БХ: Гишүүдийн байр суурь

2016 оны 4 сарын 26

Үдээс хойш хуралдсан УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн энэ оны 05 тоот дүгнэлтийг хэлэлцэн хүлээн авахаар болсон билээ. Энэхүү дүгнэлт нь Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцоогоор сонгогдох тухай заалтад холбогдож байгаа юм.

Энэхүү хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.


З.Баянсэлэнгэ гишүүн “О.Баасанхүү гишүүн бид хоёроос бусад нь тойргоос сонгогдсон юм шиг пропорциональ тогтолцоог муулж ирснээс олон нийтэд зөв талыг нь ойлгуулаагүй. Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргалаа. Өмнө гаргасан эцсийн шийдвэрээ үгүйсгэсэн шийдвэр гаргалаа. УИХ-ыг алинаар нь яв гэж ийм хэрүүл тарьж байгаа юм бэ. Сонгууль болох гээд байдаг. Мажоритар 76 гишүүн сонгохоор төлөөллийн хүнээ шууд сонгодог гэсэн зарчим хаана байна. Тойрогт мөнгөтэй нь гарч ирдэг. Ийм тойрогт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх боломжгүй. 2016 оны УИХ-ын сонгууль шударга явж чадахгүй. Дахиад МАНАН гарч ирнэ. Том намууд нь луйвардаж гарч ирнэ” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Цэц дөрвөн жилийн зайтай хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь яаж ажиллаж байна вэ гэдгийнх нь нэг илрэл. Цэц үнэхээр шударга ажилладаг байсан бол гомдол гаргасан иргэнд нь “Манайх дөрвөн жилийн өмнө энэ асуудлаар шийдвэрээ гаргасан юм” гэдэг бичгийг гаргаад өгчих байсан. Гэтэл гомдлыг нь хэлэлцээд 2012 оны тавдугаар сард гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргалаа. Энэ бол яавч зөв шийдвэр биш” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Оюунхорол: Сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу юм. Ардчилсан намынхан ард түмний санал орхигдож гээгдэж байна, тийм учраас холимог тогтолцоо авах нь зөв юм, эрүүл тогтолцоо юм гэж үзсэн. Гэтэл энэнээсээ Ардчилсан нам өөрсдөө эрх барьж байх үедээ ухарсан нь жудаггүй улс төрийг хийж байгаа юм биш байгаа. Цэц үүнээс ч долоон дор зүйлийг хийлээ. Цэц өмнө нь энэ асуудлыг хэлэлцэж байхдаа хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргаж байсан хэрнээ ард түмэн саналаа өгч сурч байтал намуудыг хариуцлагатай болгох, төлөвшүүлэхэд түлхэц болохоор хуулиасаа ухарч байгаад харамсаж байна. Тэр тусмаа төлөөллийн ардчиллын зарчмаасаа ухарсан үйлдлийг хийж байна.

Ардчилсан намынхан өмнө нь жижиг можоритарыг маш буруу гэж ярьж байсан унангуутаа энэ буруу шүү гэдгийг олж хардаг, ялаад гараад ирэнгүүтээ энэ бол өөр юм байжээ гэж байгаа нь муу загвар. Ард түмэн намыг дугуйлахдаа өөрийнхөө итгэл үнэмшлээр шууд сонгож байгаа. Түүнд хэн нэгэн нөлөөлөхгүйгээр дугуйлдаг. Түүний цаана нам өөрөө төлөвших бодлого явуулах ёстой байсан. Тэгж чадаагүй. Тийм учраас энэндээ эргэж дүгнэлт хийгээсэй. Ард түмний ой санамжийг ийм богино гэж битгий басамжил.

Байнгын хорооны дарга Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа, үүнд Ардчилсан нам ямар ч холбоогүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардчилсан нам холбоотой юу холбоотой. Цэц эцсийн шийдвэрээ үгүйсгэсэн эцсийн шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Хоёрт, Цэц дээрх шийдвэрийг гаргахдаа зарим хууль хүчингүй болох ёстой гэсэн чиглэл өгсөн нь УИХ-ын эрхэд халдсан үйлдэл юм.

2012 оны УИХ-ын сонгуулийн хуулийг би батлаагүй. Гэвч энэ хуулийг баталсан, намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүмүүс санал хураалтад оролцоод сууж байгаа нь буруу эрх ашгийн зөрчил үүсгэж байна.

Хоёр намын нэр хүнд унасан учраас энэ асуудлыг УИХ-руу оруулж ирж байгаа болохоос биш ард түмнээ бодож байгаа юм биш.

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хуулийг Б.Чимэд агсан бид нар хийж байсан. Нэгд хоёр өөр гишүүн байж болдоггүй юм, тойроггүй гишүүн байж болдоггүй юм аа гэж ярьж байсан. Энэ тухай би сануулж байсан, та нар олонхиороо хүчээр түрээд баталж байсан. Одоо тэгэхээр Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэх нь утгагүй асуудал. Та нарын олонхиороо түрж гаргасан хуулийн гажуудлыг засах бололцоог бидэнд олгож байна. Дэндүү орой байна, дэндүү хожуу байна. Эрт шийдсэн бол бүр сайн байсан. Эмэгтэйчүүдийн квот, залуучуудын квотыг яаж суулгах вэ, яаж ард түмний санал хаягдахгүй байх вэ гээд энэ бүхнийг ярих бололцоо олдож байна. Одоо хоосон улс төр яриад, Ардчилсан намын захиалга гэж ярих нь буруу. Маш буруу юм руу явна. Хуулийн гажуудлаа засаад зөв хувилбар гаргахад анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Ардчилсан намд наах гэж байгаа бол МАН олонхи байхдаа сонгуулийн холимогт тогтолцоог баталсан. Тэгэхээр ингэж улстөржих хэрэггүй. Тэртэй, тэргүй танай, манай хоёр намд хаяглана. Цэц унасан нэр хүндээ өсгөх гээд гаргасан алдаагаа засах гээд гаргасан шийдвэр. Туршлагатай олон хуульч байна, нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учраас УИХ шийдвэрээ яаралтай гаргаад эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хууль өөрчлөхдөө ямар байдлаар оруулж өгвөл илүү зохимжтой байх вэ гэдэг гарц гаргалгааг л гарга. Зөв сонгууль явуулах талд анхаармаар байна. Бие биенээ яллах хэрэггүй.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Байшин нурчихаад байхад байшин доторх ширээ яагаад эвдэрчих вэ гэсэн юм ярьж хоорондоо маргаад хэрэггүй. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргадаг, эхнийх нь эцсийн шийдвэр байсан. Эцсийн шийдвэр дээд дахин эцсийн шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулийн бус арга юм. Үндсэн хуулийн агуулга эвдэгдэх ёсгүй. Гэтэл УИХ-ын сонгууль болох уу, үгүй юу гэдэг юм руу явууллаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна