Айл өрхүүдийн 12 хувь нь л чинээлэг

2016 оны 4 сарын 27

-Өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ-

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судалгааны багийнхан нийслэл Улаанбаатар хотын мянга  гаруй өрхийн дунд амжиргааны төвшин тогтоох судалгаа явуулжээ.  Судалгаанд нийслэлийн таван дүүргийн 1008 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 28 хувь нь амжиргааны төвшин доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг төвшинд амьдарч байгааг тогтоожээ.  Судлаачид Улаанбаатар хотын нийт айл өрхийн дунд  амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлт гаргажээ.  

Нийслэл хотын хувьд айл өрхүүдийн амьжиргааг бууруулж буй гол үзүүлэлтийг бас гаргажээ. Тухайн өрхийн гишүүдийн хэн нэг нь хөгжлийн  бэрхшээлтэй бол, эсвэл өрхийн тэргүүн нь ажилгүй, тогтмол орлогогүй бол, зургаа болон түүнээс дээш ам бүлтэй, өрхийн гишүүд бага боловсролтой болон мэргэжлийн боловсролгүй, гэрт амьдардаг, ажил хийдэг хүнгүй, тэтгэмж, тусламжаар аж төрдөг өрхүүд амжиргааны хувьд доогуур амьдарч байгаа ажээ.

Харин өрхийн тэргүүн дээд боловсролтой, тохилог орон сууцанд амьдардаг, тодорхой хэмжээний хадгаламжтай, хувийн аж ахуйтай зэрэг үзүүлэлтүүд амжиргааны төвшинг дээшлүүлэх гол үзүүлэлт болж байна. Хөрөнгийн индекс болон ядуурлын эрсдэлийн коэффициентэд тулгуурлан амьжиргааны түвшний ангилал бүрийн зөрүүг гаргаж үзжээ. Ингэхэд чинээлэг болон ядуу түвшний өрхүүдийн дундаж индексийн зөрүү нь 4.5 нэгж гарчээ. Чинээлэг болон ядуугаас дээгүүр түвшний  өрхүүдийнх 3.7, чинээлэг болон дундаж өрхүүдийнх 2.5, чинээлэг болон дундажаас дээгүүр түвшний өрхүүдийнх 1.8 нэгж байгаа аж. Энэ нь айл өрхүүдийн амжиргааны зөрүү улам бүр алсарч байгааг харуулж байгаа юм.  Өөрөөр хэлбэл хүмүүс хичнээн хичээгээд ч  ядуугаас дунджид, дунджаас чинээлэгт шилжих боломж маруухан байгааг харуулж байна. Тухайлбал, чинээлэг болон дундаж түвшний өрхүүдийн 1.28 нэгжийн ялгаанд тохилог орон сууцнаас гадна шарах шүүгээ, суудлын машин, компьютер,  хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч зэргийг нэмчихвэл чинээлэг айлд тооцогдох ажээ. Түүнчлэн дээр өгүүлсэнчлэн дээд боловсролтой өрхийн тэргүүнтэй, орлогын байнгын эх үүсвэртэй, мөнгөө хуримтлуулж хадгалуулж заншихын дээр хувийн компани байгуулах нь амжиргаанд нөлөөлдөг ажээ.

Түүнчлэн бас  нэгэн судалгаанд  хүн амын хамгийн баян хэсгийн нэг хүнд ногдох хэрэглээ нь хамгийн ядуу хэсгийнхээс дунджаар найм  дахин их байгааг тогтоосон байдаг.  Орлогын энэ зөрүү одоо ч төдийлөн өөрчлөгдөөгүй. Зарим ядуу иргэд өөрсдийгөө ядуу хэмээн тооцдоггүй тул ядуурлын бодит төвшин одоогоор тооцоологдсоноос ч өндөр гарах магадлалтай гэж тэрхүү судалгаанд дурдсан байсан.  Тэгвэл гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа манай улсын хувьд байдал бүр ч эсрэгээр эргэж мэдэх юм.

Д.ЦЭЭНЭ


Улаанбаатар хотын өрхийн амьжиргааны түвшний судалгааны үр дүн-2015

Өрхүүдийн эдийн засгийн сайн сайхан байдлыг  илэрхийлэх үзүүлэлтийн нэг болох амьжиргааны түвшин ямар байгааг тодорхойлох, өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг, эсвэл бууруулдаг хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлох асуудал нэн чухал болоод байна.

Бид судалгаандаа Улаанбаатар хотын 5 дүүргийн 1008 өрхийг санамсаргүй түүврийн аргаар  сонгон хамруулсан ба өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо үзүүлэлтүүдэд жин тогтоох (Principal Component Analysis-Үндсэн бүрдлийн шинжилгээ) замаар хөрөнгийн индекс, мөн зардлын индекс (регрессийн коэффициент тооцох замаар тодорхойлсон жин бүхий индекс)-ийг тодорхойлох,  орлого орлуулан тооцох (регрессийн коэффициент тооцох замаар тодорхойлсон жин бүхий индекс) , өрхийн ядуурлыг тодорхойлох “тэнцвэржих цэг” (Wolf Point of equilibrium point method)-ын өргөтгөсөн арга (ядуурлын эрсдэлийн коэффициент)-уудыг ашиглан хэд хэдэн арга, аргачлалыг хэрэглэн шинжилж, судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн амьжиргааны түвшний ерөнхий статистикийг болон өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон бууруулах хүчин  зүйлсийг  тодорхойлон үнэлэлт өглөө.

Бидний судалгааны үр дүнгээр судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын өрхүүдийн 28 хувь нь доогуур, 60 хувь нь дундаж, үлдэх 12 хувь нь чинээлэг түвшинд амьдарч байна. Эндээс үзвэл амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувь харьцангуй өндөр байна гэсэн дүгнэлтийг өгч болохуйц жинтэй байна.

Улаанбаатар хотын өрхүүдийн амьжиргааг бууруулж буй гол үзүүлэлтүүдэд хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй, өрхийн тэргүүн ажилгүй, 6 болон түүнээс дээш ам бүлтэй, өрхийн тэргүүн бага боловсролтой болон мэргэжлийн боловсролгүй, гэрт амьдардаг, орлого олдог гишүүнгүй, тэтгэмж, тусламж авдаг зэрэг багтаж байна.

Харин өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсэд өрхийн тэргүүн дээд боловсролтой байх, тохилог орон сууцанд амьдардаг байх, хадгаламжтай байх, хувийн аж ахуйтай болон ургац хураадаг байдал, зээл авсан байдал зэрэг орж байна.

Хөрөнгийн индекс болон ядуурлын эрсдэлийн коэффициентэд тулгуурлан амьжиргааны түвшний ангилал бүрийн дундаж индексийн зөрүү болон уг зөрүүг олох замаар тухайн түвшинд хамаарах өрх хэрхэн түвшин өндөр ангилалд шилжиж болох боломжийн талаар дүгнэвэл, чинээлэг болон ядуу түвшний өрхүүдийн дундаж индексийн зөрүү нь 4.5 нэгж, чинээлэг болон ядуугаас дээгүүр түвшний  өрхүүдийнх 3.7, чинээлэг болон дундаж өрхүүдийнх 2.5, чинээлэг болон дундажаас дээгүүр түвшний өрхүүдийнх 1.8 нэгж байна.  Тухайлбал, чинээлэг болон дундаж түвшний өрхүүдийн 1.28 нэгжийн ялгааг үүсгэж буй үзүүлэлтүүдээр тохилог орон сууц, шарах шүүгээ, хувийн компанитай байдал, дээд боловсролтой өрхийн тэргүүнтэй байх, орлого олох бүхий газар, суудлын машин, компьютер, хадгаламж, өрхийн гишүүд дээд боловсролтой байх, хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч зэргийг нэрлэж болно.  Өөрөөр хэлбэл дундаж түвшний өрхүүд дээрх хөрөнгөтэй болсноор  чинээлэг түвшинд очих боломжтой болох юм.  

Мөн нэн ядуу түвшний өрхүүд хадгаламж, компьютер, хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч зэрэг хөрөнгөтэй болсноор ядуу түвшинд шилжиж болох ба ийм байдлаар нэг түвшнээс нөгөө түвшинд шилжиж болох үзүүлэлтүүдийг тодорхойлж болно.

Мөн судалгааны явцад түүвэрт хамрагдсан өрхийн зардалд шинжилгээ хийхэд хүнсний болон хувцас хэрэглээний зардлын хуваарилалт нийт өрхүүдийн болон өрхийн тэргүүний хүйс, ам бүлийн тоо, насны ангилал зэргээс үл хамааран тэгш хуваарилагдсан, харин үйлчилгээний болон гэнэтийн тооцоолоогүй зардлуудын хуваарилалт дээрх категориудад (4 ам бүлтэйгээс бусад) тэгш бус хуваарилагдсан байгааг тодорхойллоо.

Эдгээр үр дүнгүүд нь өрхийн амьжиргааг сайжруулах аливаа шийдвэр гаргалтууд болон бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд зайлшгүй шаардлагатай чухал мэдээллүүд болно гэдэгт итгэлтэй байна.

Судалгааг сонирхогч та бүхэн судалгааны арга зүй, нарийвчилсан үр дүнтэй холбоотой асуудлаар манай сургууль, судалгааны багтай холбогдож  хамтран ажиллах бүрэн боломжтой юм.

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Судалгааны баг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна