Олимпын заналхийлэл Зика вирус

2016 оны 4 сарын 27

-Жирэмсэн үедээ вирусаар халдварласан тохиолдолд урагт гаж нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон учраас хүүхэдтэй болохоор төлөвлөж буй тамирчдын хувьд Бразил руу явж, Рио 2016 Зуны олимпт оролцох нь том эрсдэл билээ-

2016 оны Зуны олимпын наадам шумуулаар дамжин халдварладаг вирусын халдвар тархаад буй  Бразил улсад болно. Одоогоор шумуулнаас үүдэлтэй вирусаас болж, Рио 2016 Олимпын наадамд оролцохоос татгалзсан нэг ч тамирчин гараагүй байна.  Гэвч энэ зуны хамгийн чухал тэмцээнд оролцохоор бэлтгэж буй тамирчдад Зика вирус тааварлашгүй аюул заналхийлж байгаа юм.

Жирэмсэн үедээ вирусаар халдварласан тохиолдолд урагт гаж нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон учраас хүүхэдтэй болохоор төлөвлөж буй тамирчдын хувьд Бразил руу явж, Рио 2016 Зуны олимпт оролцох нь том эрсдэл билээ.

АНУ-ын эрүүл мэндийн газраас Зика вирусын халдвар нь ургийн толгой жижигрэх, тархины гаж хөгжлийн шалтгаан болдог төдийгүй бэлгийн замаар халдварлаж болохыг анхааруулсан юм. Бразилийн Засгийн газрын албан ёсны мэдээгээр тус улсад Зика вирусын халдвараас шалтгаалсан ургийн тархины гаж хөгжлийн 1168 тохиолдол бүртгэгджээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жил Америк тивийн гурван сая иргэн Зика вирусаар халдварлах эрсдэл байгааг тооцоолсон.

“Олимпын тэмцээнд оролцох бүх тамирчид Зика вирусын эрсдэлийг анхаарах хэрэгтэй” гэж АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн тамирчин Хоуп Соло ярьж байна. Тэрбээр энэ шалтгаанаар зуны олимпын наадамд оролцох эсэхэд эргэлзэж байсан ч эцсийн мөчид дөрвөн жилийн хөдөлмөр, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг харахаар шийджээ.

Олимпын наадмын дараа гэр бүл, хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан олон тамирчин энэ бодлоо түр хойшлуулсан байна. 2012 оны Лондоны Олимпын мөнгөн медальт буудлагын тамирчин Брэди Эллисон Рио 2016 Олимпын дараа сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээр төлөвлөж байсан ч Зика вирисын тархалт төлөвлөгөөг нь нурааж орхижээ. Тэрбээр “Өчүүхэн зүйл ч маш уршиг тарьж чадна. Тиймээс үүнийг тоохгүй байж болохгүй” гэжээ.

АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх хяналтын төв эмэгтэйчүүдийг, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдийг халдварын бүс болоод буй Бразил руу аялахгүй байхыг зөвлөсөн юм. Шумууланд ганц удаа хазуулсан байлаа ч тэр нь ургийн тархины хөгжлийг сааруулах эрсдэлтэй ажээ.

Питтсбургийн их сургуулийн анагаахын төвийн халдварт өвчин судлаач доктор Амеш Адалжа вирусын халдвартай газраас ирсэн эмэгтэйчүүдийг дор хаяж найман долоо хоног, эрэгтэйчүүдийг дор хаяж хоёроос зургаан сар хамгаалалттай бэлгийн харьцаанд орохыг зөвлөжээ.

Зика вирус бэлгийн замаар халдварладаг нь хамгийн том эрсдэл үүсгэж байгаа бөгөөд халдвар авсан эрэгтэй жирэмсэн эмэгтэйд халдвар тараах эрсдэл маш өндөр юм.

Бразилийн халдварт өвчин судлалын төвийн шинжээчдийн хэлж буйгаар шумуулаар халдварладаг вирусын тархалт зөвхөн сэрүүний улиралд нь буурах магадлалтай гэнэ. Гэвч Зика вирусын халдвараас сэргийлэх вакцин гараагүй учраас Рио 2016 Зуны олимпыг зохион байгуулагч хороо тамирчдад наадмын үеэр тус улсад зочлохдоо шумууланд хазуулахгүй байх шаардлагатай бүх арга хэмжээг авахыг анхааруулж байгаа юм.

Товчхондоо Бразилийн олимпын зохион байгуулагч хорооны зөвлөж маш энгийн. Гадаа байхдаа үргэлж урт ханцуйтай цамц, өмд өмсөх, мөн агааржуулагчтай зочид буудлын өрөөнд буух, мөн шумуулнаас хамгаалах тос хэрэглэх ажээ.

Рио 2016 Зуны олимпын зохион байгуулах хорооны төлөөлөгч Марио Андрада хэлэхдээ “Зика вирусын халдвараас сэргийлж, олимпын тэмцээн уралдаан болох газрыг өдөр бүр өөр өөр газарт зохион байгуулахаар тогтсон. Ялангуяа усан спортын уралдаан тэмцээн болох усан санг байнга солих болно” гэжээ.

Гэсэн ч олимпын аваргууд, тамирчид Зика вирусын халдварыг хэвлэлээр бичиж байгаа шиг сүртэй зүйл гэж үзэхгүй байгаа бололтой.

Олимпын гурван удаагийн алтан медальт элсний волейболын тамирчин Керри Уолш Женнингс Лондоны олимпт оролцох үедээ жирэмсэн байсан гэдэг. Тэрбээр “Би үүнийг тийм сүртэй зүйл гэж бодохгүй байна” гээд тамирчдыг Олимпын хорооноос гаргасан эрүүл мэндийн зааврыг дагахыг зөвлөжээ.

АНУ-ын чөлөөт бөхийн тамирчин , Лондоны олимпын алтан медальт Жордан Барроуз энэ зун Риод хошой аварга болохоор зорьж байна. Тэрбээр “Би олон удаа шумууланд хазуулсан. Гэхдээ би Олимпын олон алтан медальтай болмоор байна” гэжээ.


Зика вирус 43 орон тархжээ

Шумуулаар дамждаг Зика вирусын халдвар дэлхийн 43 оронд тархаад буйг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж, шумуул гарах халууны улирал ойртож байгааг сануулж, вирус нь ургийн төрөлхийн болон тархины гаж хөгжлийн шалтгаан болж байгааг анхааралдаа авахыг зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Зика вирусын халдвар тээгчдийн тоо эрс нэмэгдэж, ялангуяа Европ, Америк тивд тархаж байгааг анхааруулсан. Зика вирусын халдвараас сэргийлэх вакцин гараагүй байгаа ийм үед эмч, мэргэжилтнүүд шумууланд хил хязгаар байхгүй гэдгийг сануулжээ.

Зика вирусын халдварын тархалт ямар байгааг харуулахын тулд халдвар тархаад буй орнуудын жагсаалтыг үзнэ үү.

  1. Аруба /Нидерландын Вант Улс дахь Өөрийгөө Захирагч Улс/
  2. Барбадос
  3. Белиз
  4. Болив
  5. Бонейр
  6. Бразил
  7. Колумб
  8. Пуэрто-Рико
  9. Коста Рика
  10. Куб
  11. Куракао
  12. Доминика
  13. Доминикан
  14. Эквадор
  15. Эль Сальвадор
  16. Францын Гвиана
  17. Гваделуп
  18. Гватемал
  19. Гайана
  20. Гаити
  21. Гондурас
  22. Ямайк
  23. Мартиник
  24. Мексик
  25. Никарагуа
  26. Панам
  27. Парагвай
  28. Сент-Люси
  29. Сент Мартин
  30. Сент Винсент Гренадин
  31. Синт Маартин
  32. Суринам
  33. Тринидад Тобаго  
  34. Виржин арлууд
  35. Венесуэль
  36. АНУ-ын Самао
  37. Фижи
  38. Микронез
  39. Маршаллын арлууд
  40. Шинэ Каледон
  41. Самао
  42. Тонга
  43. Кейп Верде

Г.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна