Төрийн албаны хууль: Түшээдийн байр суурь

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
Т.Давааням

Төрийн албаны тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хэлэлцсэн бол Хууль зүйн байнгын хороогоор дөрөвдүгээр сарын 20-нд хэлэлцсэн юм. Одоогоор хоёр байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байна. Дээрх хоёр байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд ямар саналтай байсныг нэгтгэн хүргэж байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /2016.4.5/

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Төрийн албаны тухай хуулийг сонгууль болохоос жилийн өмнө батлахгүй гэсэн заалт хуулийн баталгаа дотор бий. Үүнийг бодох хэрэгтэй. Түүнчлэн цалин хасахгүй гээд байсан. Гэтэл сумдад цалингийн санг 10 хувь хасаад өгчихсөн. Үүнээс болж ажилчдынхаа цалинг 20 хувь хасч байгаа тохиолдол хөдөө орон нутагт гарч байна. Түр орлон гүйцэтгэж байгаа нэрийдлээр 4 мянган хүн ажиллаж байна. Тэр дундаа гурван жил түр орлон гүйцэтгэж байгаа хүмүүс ч байна. Уг асуудал дээр хязгаар тавих хэрэгтэй. Учир нь түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрийн доор төрийн албаны шалгалтыг тойрдог болчихоод байна.   


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сонгуулиас сонгуулийн хооронд миний, чиний, намын хүн гэж чихэж явсаар байгаад төрийн алба холион бантан болчихоод байна. Монгол Улсад төрийн албан хаагч хэд байх ёстой, хэдээс доош орж болохгүй гэсэн хязгаар алга. Төрийн албаны тухай хууль батлагдлаа гэж бодоход төрийн албанд хүн нэмэгдэх юм уу тодорхой тооны хүн халагдах юм уу?


УИХ-ын гишүүн Г.Батхүү:

-Засгийн газар солигдох бүрт төрийн албан хаагчийн тоо хол зөрүүтэй байдаг. Жишээ нь одоо ажиллаж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг аваад үзэхэд хуучин агентлаг байсан байгууллагыг яам болгочихсон. Үүнээс болж төрийн албан хаагчийн тоо зөрүүтэй байгаа юм. Яамдын тоо цөөрсөн ч агентлаг ч балансаа бариад хүний тоо ойролцоо байх судалгаа гардаг юм байна лээ. Нөгөө талдаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжих хугацааг аль аль намын төлөөлөл сууж байгаад ярилцаад сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үеэс хэрэгжүүлэх гэдэг дээр тогтоод байна. Эс бөгөөс сонгуулийн өмнө баахан хөдөлгөөн гарчихдаг, эсвэл хэтэрхий хойно тавьчихвал Засгийн газраа байгуулчихаад, дахиад төрийн албыг хуульд нийцүүлэх асуудал тулгарч байна. Тиймээс аль нам, хэн ялна гэдэг нь чухал биш. Монгол Улсын төрийн алба тогтвортой, урт хугацаанд өөрийн гэсэн хатуу бодлоготой байх боломжыг хангасан хууль гаргахаар улс төрийн намын төлөөлөл байр сууриа нэгтгэсэн.


Хууль зүйн байнгын хороо /2016.4.20/

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлс гэж зааж өгсөн байна. Үүнд албан үүрэгтэйгээ холбогдуулж нам, шашны үйл ажиллагаанд төрийн албаны хаагчийн хувьд оролцох, улс төрийн сонгуульт албан тушаал эрхлэх гэх мэт намын хууль, улс төрийн хуулийн заалтаар зохицуулах юмыг энд хольсон байна. Ингэх юм бол сайн дэвшил болж чадахгүй. Тиймээс энэ заалтыг хасах санал оруулж байна.


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:

-Зөрчлийн тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн ажлын хэсэг гарчихсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсэг дээрх хоёр ажлын хэсэгтэй хамтарч ажиллаарай. Дээр нь манай төрийн алба чинь тэр вангийн, тэр тайжийн, тэр компанийн, тэр яам, тэр гишүүний лиценз өгдөг газар ч гэх шиг. Ийм замбараагүй болчихсон юм уу? Үүнийг болих хэрэгтэй. Төрийн албан хаагчид таван жил, арван жил ажиллаад тушаал дэвшдэг. Гэтэл гадаадад эмнэлгийн шал угааж байсан нөхөр ирээд яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байна. Ийм байж болох юм уу. Түүнчлэн хамжлагын тариачид төрийн албанд олон бий шүү. Эцэст нь хамаг ажил хийдэг хүмүүст хариуцлага оногдуулаад, дээр нь сууж байгаа хүн “Нүдэн балай, чихэн дүлий” өнгөрдөг явдал бий шүү. Үүнийг сайтар тооцож зохицуулалтаа оруулж өгөх хэрэгтэй гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар төрийн албанд 186 мянган хүн ажиллаж байна. Энэ тоо нь өнгөрсөн оныхоос 2800-аар нэмэгдсэн аж. Төрийн албанаас жилд дунджаар 15-20 мянган хүн чөлөөлөгддөг төдийгүй энэ жилхууль бусаар халагдсан гэх гомдолтой 300 орчим хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна