Буйр нуурт эндсэн залуусын цогцсыг хайж байна

2016 оны 4 сарын 27

15.45 минут

“Херо энтертэймант” студиэс гаргасан гомдлын дагуу “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрсийг алдсан гэх хэргийг шалгаж үзээд “бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй учраас хэрэгсэхгүй болгосон тухай” өнгөрөгч Баасан гаригт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин “Херо энтертаймант”-ынхан өчигдөр мэдээлэл хийж “Баянгол дүүргийн Прокурорын газраас бичлэг алдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай албан бичгийг ирүүлээгүй, мөн биднийг цагдаа, прокурорын байгууллагаас нэг ч дуудаж, уулзаагүй” хэмээн тайлбарлалаа. 

15.10 минут

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өчигдөр /2016.04.26/ хэвлэлийн бага хурал зарлаж, гурван асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тэрбээр энэ үеэр “Сүүлийн өдрүүдэд сонгууль ойртож буйтай холбогдуулан нийгмийг хамарсан, иргэдийг айдаст автуулсан худал хуурмаг мэдээлэл олон нийтэд ихээр цацагдах боллоо. Тухайлбал, 1072 хувьцааг хятадуудад зарах гэж байна, “Да хүрээ”, “Нарантуул” захуудыг Ж.Батзандан гишүүн татан буулгах гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ганцхан хариулт хэлэхэд, ийм зүйл байхгүй гэдгийг мэдэгдье” гэжээ.

 

12.03 минут

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин өчигдөр Монголньюс мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийжээ. Энэхүү нэвтрүүлгийг “Херо энтертайнмэнт” студи бэлтгэдэг. Энэ оны эхээр буюу нэгдүгээр сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн өмнө гарсан зарим дугаарын хар материал олон нийтийн сүлжээгээр цацагдан шуугиан болж байсан.

Бичлэг алдагдсан талаарх хэрэг эцэслэн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх хүсэлтийг “Херо энтертайнмэнт” студид П.Анужингийн зүгээс тавьжээ.

 

15.00 минут

Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар хамтарсан ажлын хэсэг гарч шалгаж буй эрүүгийн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас байцаалт авахаар зарлан дуудах хуудсыг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өгчээ.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг мэдэгдэл хийсэн гэж шалгаж, энэ талаар байцаалт авахаар цагдаагаас дуудаагүй аж. 

15.45 минут

Шинээр баталсан Эрүүгийн хуульд эмч нарт тооцох хариуцлагын системийг хүндрүүлсэнд бухимдан эмч нар өчигдөр /2016.04.26/ Чингисийн талбайд жагслаа. Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан юм. Энэ заалтад өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулахыг хууль баталсан эрх баригчдаас шаардаж ийнхүү жагсч байгаа гэлээ.

12.42 минут

Өчигдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Оюуны өмчийг хэрхэн зохицуулах вэ гэх асуудал ялангуяа интернет орчин, цахим мэдээллийг хэрэгслүүдэд үүсдэг. Тэгвэл Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат энэ тохиолдолд “Тухайн зөрчлөөс нь шалтгаалаад захиргааны болон эрүү, иргэний арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор заасан. Гол нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, эсвэл сэтгүүлчид гомдлоо гаргаж хойноос нь явах хэрэгтэй” хэмээн онцолжээ.

12.05 минут

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Буйр нуурт загасчилж явсан залуус эндсэн хэрэг саяхан /2016.04. 24/ гарсан. Хэрэг явдлын талаар Халхгол сумын Засаг даргын орлогч н.Энхтайванаас тодруулахад “25,26,31,32 насны дөрвөн залуу Буйр нуурт загасчилж яваад өөд болсон харамсалтай хэрэг гарлаа. Тэд загасчлах зөвшөөрөл аваагүй. Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн гурван сарын хугацаанд загас агнахыг хориглодог. Дөрөвдүгээр сарын 20-доос загасны үржлийн үе эхэлдэг учир хориглодог юм. Тиймээс бидэнд хандаад ч зөвшөөрөл өгөхгүй байсан.” гэж мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна